Эрэлтээ дийлэхгүй болсны улмаас Францын эрх баригчид түрээсийн цахилгаан автомашины хямд үйлчилгээгээ зогсоожээ

2024-02-14 82 0

Францын засгийн газар бага орлоготой айл өрхүүдийг дэмжих, хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сард түрээсийн цахилгаан автомашины үйлчилгээ нэвтрүүлж байжээ.

Гэвч хамгийн багадаа сарын 100 еврогийн хураамжтай энэ үйлчилгээний эрэлтийг дийлэхгүй болсон тул зургаан долоо хоногийн дараа зогсооход хүрсэн байна.

Эрх баригчид анх Европын орнуудад үйлдвэрлэсэн 25,000 цахилгаан автомашинтайгаар үйлчилгээгээ эхлүүлж байжээ. Гэтэл нэгдүгээр сарын сүүлийн байдлаар иргэдээс 90,000 давсан хүсэлт хүлээж авсан байна.

“Энэ үйлчилгээ Францын байгаль орчныг хамгаалах бодлогын бэлгэдэл, бодит амжилтын түүх болж чадлаа” гэж ерөнхийлөгч Эммануэл Макроны зөвлөх мэдэгджээ.

Сар бүр 100-150 евро төлөөд шинэ цахилгаан автомашин хэрэглэх нь францчуудын хувьд тун таатай боломж юм.

Түрээслэгчдэд Франц улсад оршин суудаг байх, 18-аас дээш настай байх, жилийн орлого нь 15,400 хүртэл евро байх, ажил, сургуулиасаа 15 км-ээс дээш зайд амьдардаг байх зэрэг нөхцөл тавигдаж байжээ.

Түрээсийн гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, гэрээ дууссаны дараа үргэлжлүүлэх, эсвэл худалдаж авах хувилбар санал болгож байв.

Ингэхдээ түрээсийн автомашин тус бүрд Францын засгийн газар 13,000 еврогийн татаас олгож байжээ.

Түрээсийн үйлчилгээний ачааллыг автомашин үйлдвэрлэгчид хангаж дийлэхгүй байгааг Францын аж үйлдвэр, эрчим хүчний сайд Роланд Лескюр мэдээлсэн байна.

“Эрэлтийг хангах хэмжээний автомашиныг Франц улс үйлдвэрлэж чадахгүй байгаа. Францын үйлдвэрлэгчид хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай нь эндээс харагдаж байна” гэж тэр хэвлэлд ярьжээ.

Түрээсийн үйлчилгээг түр завсарласны дараа энэ оны сүүлээр дахин нэвтрүүлэхээр төлөвлөснийг Лескюр энэ үеэр мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ