Халиа тошин үүссэн байршлуудад далан босгож, мөсийг зөөж байгаа

2024-02-14 174 0

Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссоос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер “Улаанбаатар хотод үүссэн халиа тошингийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, үзлэг шалгалт хийж байна.

Сэлбэ гол, Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, АНУ-ын Элчингийн байрны зүүн тал, 100 айлын гүүрний урд хэсэгт халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Дэнжийн мянган нэг болон гуравдугаар суваг, Толгойт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны халиа тошин үүссэн хэсэгт 3,000 метр куб суваг татсанаар далан босгож, гарсан 1,200 метр куб мөсийг зөөж байна. Уг сувгуудад 9,000 метр куб мөс үүсжээ.

Нийслэлд 33 байршилд халиа тошин үүссэн. Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагасан халиа тошинтой хэсгүүдэд дүүргийн онцгой байдлын алба, тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна.

Энэ жилийн хувьд зуны улиралд их бороо орсноос орой буюу 12 дугаар сард халиа үүсэж, голын доод хэсэг рүү түрж орж ирснээс хотын төв хэсэг рүү халиатай байна. 3,000 метр куб суваг татсан хэсгүүдэд халиа багассан.

Хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус дээшээ түрж хөлдөх эрсдэлд хамтарсан үзлэг хийснээр НОК-оос шар түвшин тогтоосон.

Улаанбаатар хотод халиа тошинд өртөх эрсдэлтэй 2,316 нэгж талбар бий. Голын хамгаалалтын бүс, инженерийн хийцлэлтэй барилга байгууламжийн хамгаалалтын зурвас, хаврын шар ус, зуны улиралд хур борооны үер болдог байршлуудад буухгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй.

Голын савд байгаа гүүрэн байгууламж, голын голдиролд буусан айл өрх, хашаа байшин, барилгыг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ