АНУ-ын конгрессын дээд танхим Сенат өчигдөр Украин, Израиль, Тайваньд зэр зэвсгийн тусламж үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
100 суудалтай Сенатын танхим 67-32 харьцаагаар дэмжиж, 60 хувийн босгыг давсан тул хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж байна.
Өмнөх өдөр нь АНУ-ын хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээг багтаасан өргөтгөсөн хуулийн төсөл орж ирсэн нь дэмжигдээгүй юм. Харин өчигдөр үүнийг хасаж, зөвхөн холбоотнуудын аюулгүй байдлыг хангах хэсэг орж ирсэн нь ийнхүү дэмжигдсэн байна.
Өмнөх өдөр нь эсрэг санал өгч байсан Бүгд Найрамдах намын 17 гишүүн дэмжсэн санал өгчээ.
“Энэ бол эхний сайн алхам. Хуулийн төсөл нь манай үндэсний аюулгүй байдал, Украин, Израиль дахь холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах, Газын зурвасын гэм зэмгүй энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Тайванийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай. Бид ажлаа дуустал үргэлжлүүлэх болно” гэж Сенатын олонхын бүлгийн тэргүүн Чак Шумер санал хураалтын дараа мэдэгдсэн байна.
Эцсийн хэлэлцүүлгийг энэ амралтын өдрүүдэд явуулж болзошгүй тухай зарим сенаторууд мэдээлжээ.
Хуулийн төсөлд Украинд үзүүлэх $61 тэрбум, Израильд үзүүлэх $14 тэрбум, Тайвань зэрэг бусад Номхон далайн бүсийн холбоотнуудыг дэмжих $4.83 тэрбумын тусламж тусгагдсан юм.
Бас Газын зурвас, Баруун эрэг, Украин болон бусад дэлхийн дайн мөргөлдөөнтэй бүсэд амьдарч байгаа хүмүүст үзүүлэх $9.15 тэрбумын хүмүүнлэгийн тусламжийн багц багтсан байгаа.
Гэхдээ хуулийн төсөл Сенатаар дэмжигдсэн ч Конгрессын төлөөлөгчдийн танхимд саад бэрхшээлтэй тулгарч магадгүй байна.
Тухайлбал ерөнхийлөгч асан Дональд Трампын ойрын холбоотнууд болох Бүгд Найрамдах намын олон төлөөлөгч өмнө нь Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж байсан юм.
2022 онд Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Конгресс ганцхан удаа Украинд үзүүлэх $110 тэрбумын тусламжийн багцыг баталж байв.
Өнгөрсөн оны сүүлээр энэ тусламжийн нөөц шавхагдаж дууссан гэгдэж байгаа.
АНУ-ын холбоотнууд тусламжийн дараагийн багцыг батлалгүй удааж буй Конгрессын гишүүдийг шүүмжилж байна.
Тухайлбал Польшийн ерөнхий сайд Дональд Туск тусламжийг гацааж буй Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдыг АНУ-ын ерөнхийлөгч агсан Рональд Рейганы “ясыг өндөлзүүлж байна” хэмээн шүүмжилсэн юм.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй