Рэппер Дрэйкийн нүцгэн бичлэгийг үзэх гэсэн хүмүүс X аппликэйшнийг таталтын тоогоор тэргүүлэгч болгов

2024-02-08 143 0

Лхагва гарагт X сошиал платформын гар утасны аппликэйшн таталтын тоогоороо Apple-ийн App Store дэлгүүрийн жагсаалтыг тэргүүлжээ.

Энэ нь рэппер Дрэйкийн нүцгэн дүрс бичлэг тус платформд тарсантай холбоотой өсөлт байсан байна.

Өөрөөр хэлбэл алдартай рэпперийн нүцгэн дүрсийг үзэх гэсэн олон хүмүүс X аппликэйшнийг татаж суулгажээ.

Дрэйкийн хагас нүцгэн байдалтай бэлгийн харилцаанд орж буйг харуулсан гэгдэж буй дүрс бичлэг Лхагва гарагт X платформд тарж, “drakevideo” гэсэн хаштаг АНУ-ын зах зээлд тэргүүлж байлаа.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө тус платформд бас поп од Тэйлор Свифтийн хиймэл оюуны технологиор үүсгэсэн хуурамч нүцгэн зураг тарж байсан юм.

Гэхдээ дээрх дуулианууд X-ийн хувьд зах зээлээ тэлэхэд нь сайн нөлөө үзүүлсэн байна.

Өчигдөр тэрбумтан Илон Маск аппликэйшн нь жагсаалтын номер нэг болсныг бахархалтайгаар зарлажээ.

Гэхдээ нөгөө талаар энэ үзэгдэл X компани ёс бус агуулгыг хянаж, хязгаарлаж чадахгүй байгаагийн нэг илрэл болж байна.

Тэйлор Свифтийн зураг тарахад X компани дуучны нэрээр хайх үйлдлийг бүрэн хориглосон нь үнэндээ аргаа барсан хэрэг байв.

Энэ удаа ч бас Дрэйкийн дүрс бичлэгийн тархалтыг зогсоож чадахгүй байгаа нь харагдсан байна.

Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, зохисгүй бичлэгийг нийтэлсэн олон мянган постыг устгаад байгааг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жо Бенарроч мэдэгдсэн юм.

Гэвч энэ мэдэгдлийн дараа “Drake” нэрээр хайхад олон сая хандалттай постууд илэрсээр байжээ.

2022 оны есдүгээр сард Илон Маск асар өндөр үнээр Твиттер компанийг худалдан авсныхаа дараа зардал хэмнэх зорилгоор агуулгын хяналт хариуцсан ажлын байруудыг цомхотгож байсан юм.

 

Эх сурвалж: The Verge

Холбоотой мэдээ