УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна. Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй, Шивээговь, Баянтал сумдууд их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Тус аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт адуу, мал ихээр уруудан орж, малчдад хүндрэл үүсгэж байгаа тул сумын “Буянт” багийн төв дээр отрын штабыг байгуулжээ.
Харин Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Хужирт сумын 10 багийн 1346 өрх өвөлжилт хүндэрсэн бөгөөд 9 сумын нийт 2971 толгой мал хоргодоод байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн хувьд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2. 042. 001 толгой мал өвөлжиж байна.
Тиймээс УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах зудын эрсдэлийн төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авах, зам даваа хаагдсан болоод тээврийн хэрэгсэл явах боломжгүй газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт солилцож ажиллахыг үүрэг болголоо.
0 cэтгэгдэлтэй