Далайн хар салхины хүч улам нэмэгдэж буй тул эрдэмтэд хэмжүүрийн шинэ ангилал нээх санал гаргажээ

2024-02-06 157 0

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр далайн хар салхины хурд, хүч улам нэмэгдэж буй тул одоо хэрэглэдэг таван шатны ангилалтай системд шинэ ангилал нэмж нээхийг эрдэмтэд санал болгожээ.

Одоогоос 50 гаруй жилийн өмнө бий болсон “Saffir-Simpson scale” хэмжүүр далайн хар салхийг хурдаар нь таван ангилалд хуваадаг.

Тэгвэл энэ хэмжүүр өнөөдрийн шаардлагыг хангахгүй байгаа тул зургаа дахь ангилал (Category 6) нээхийг хоёр эрдэмтэн санал болгожээ.

Тэдний саналаа тайлбарласан судалгааны тайлан өчигдөр “Proceedings of the National Academy of Sciences” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Эрдэмтэд цагт 309 км-ээс дээш хурдтай далайн хар салхины зургаа дахь ангилал нээхийг уриалжээ.

Одоогийн системийн хамгийн дээд ангилалд цагт 252 км-ээс дээш хурдтай хар салхийг оруулдаг. Гэтэл сүүлийн арван жилийн хугацаанд 300 давсан хурдтай далайн хар салхины давтамж улам нэмэгдэх болжээ.

Тухайлбал 2013 оноос хойш 309 км/цаг давсан хурдтай хар салхи таван удаа Номхон далайд дэгдсэний хоёр нь Филиппиний арлуудыг дайрч байсан байна.

Ийм хурдтай салхи цаашдаа улам нэмэгдэж, зөвхөн Номхон далайгаар хязгаарлагдахгүй, АНУ-ын өмнөд эрэг дагуу Мексикийн буланд дэгддэг болох төлөвтэйг дээрх судалгаанд өгүүлжээ.

“Уур амьсгалын өөрчлөлт далайн хар салхины хүч, аюулыг улам нэмэгдүүлж байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг Лоренс Беркли Үндэсний Лабораторийн ажилтан Майкл Венер хэлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлт далайн хар салхины тоо давтамжийг нэмээгүй, харин хүчтэй ангиллын салхины эрчмийг улам нэмэгдүүлж байгаа гэнэ.

Эрдэмтэд “Category 6” ангиллыг нээх санааг эртнээс ярьдаг байсан бол 315 км/цаг хурдтай “Typhoon Haiyan” хар салхины дараа улам идэвхтэй ярих болсон байна.

Хүчтэй далайн хар салхийг хаана дэгдсэнээс нь шалтгаалан өөр өөрөөр нэрлэдэг.

Номхон далайг голоор нь хуваадаг “International Date line” шугамаас зүүн хэсэгт дэгдсэн бол “hurricane”, баруун хэсэгт дэгдсэн бол “typhoon” гэж нэрлэдэг байна. Харин Энэтхэгийн далай, Австралид дэгдсэн хар салхийг “cyclone” гэж нэрлэдэг ажээ.

Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн 309 км/цагаас дээш хурдтай хар салхинуудыг дурдвал:

  • 2013 оны Typhoon Haiyan (Филиппинд 6,300 хүний аминд хүрсэн)
  • 2015 оны Hurricane Patricia (346 км/цаг хүрсний дараа суларч, Мексикийн Халискод дууссан)
  • 2016 оны Typhoon Meranti (309 км/цаг хүрснийхээ дараа Филиппин, Тайвань, Хятадын эргийг нэрвэсэн)
  • 2020 оны Typhoon Goni (309 км/цаг хүрснийхээ дараа Филиппинд арав гаруй хүний аминд хүрсэн)
  • 2021 оны Typhoon Surigae (309 км/цаг хүрэхдээ Азийн зарим орнууд, ОХУ-ын эргийг нэрвэж байсан)

Хэрвээ зургаа дахь ангилал бий болгохгүй бол хар салхины хүчийг үнэлэх, аюулаас сэргийлэхэд улам хэцүү болохыг судалгаанд оролцсон нөгөө нэг эрдэмтэн болох First Street Foundation байгууллагын ажилтан Жим Коссин анхааруулжээ.

Хамгийн хүчтэй хар салхи Номхон далайд голдуу дэгддэг нь тэнд хүчийг сааруулах хуурай газар бага, хөгжих уудам орон зайтай байдагтай холбоотой.

Харин Атлантын далайд одоогоор 309 км/цаг хурдны босгыг давах хар салхи хараахан дэгдээгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ