Х.Нямбаатар: Нийслэлд өнөөдөр нийт 1016 автобус үйлчилгээнд явж байна. Маргааш Yutong-ын үлдэгдэл 67 автобус орж ирнэ

2024-02-01 173 0

Нийтийн тээврийн хүртээмжгүй байдал иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Үзлэг оношилгоонд орсон, ороогүй, тэнцсэн, тэнцээгүй, торгууль татвараа төлсөн, төлөөгүй бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ байдлыг шинэ хуулийн үйлчлэлээр засна. Улаанбаатар хотын III ерөнхий төлөвлөгөөгөөр 85,000 машин зорчино гэж тооцсон ч өнөөдөр 720,000 авто тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй.

Тэгш сондгойгоор хязгаарласан үед 250,000 авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Өчигдөр авсан санал асуулгаар 55% буюу олонх нь дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй. Өнөөдрийн байдлаар 533 Yutong автобус Улаанбаатар хотод орж ирсэн. Маргааш гэхэд үлдэгдэл 67 автобус орж ирнэ. Үүнээс 116 ширхэг автобусыг зорчигч тээврийн нэгтгэлд хүлээлгэн өгч үйлчилгээнд гаргаад байна. 115 автобусыг хувийн хэвшлийн нэр бүхий 3 компанид хүлээлгэн өгөх гэрээ хэлцлийн ажил хийгдэж байна.

Үлдсэн 369 ширхэгийг шат дараатайгаар хувийн хэвшлийнхэнд шилжүүлж өгнө. Улаанбаатар хотод өнөөдөр нийт 1016 автобус үйлчилгээнд явж байна. Нэмж хэчнээн автобус орж ирсэн ч бид түгжрэлийн асуудлаа цогцоор нь шийдэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй болно. Богино эргэлтийн сүлжээ төлөвлөлтийг 70% хуучнаар нь явуулж байгаа гэсэн буруу ойлголт явж байна. 73 чиглэлийг хуучинд нь оруулсан буюу шинэчлэлийн 30% ийг л хуучнаар нь явуулж байгаа. Энэ ажлыг улам сайжруулж үргэлжлүүлнэ. Эерэг үр дүн гарч байгаа тооцоо судалгаа гарч байна. Өөрөөр хэлбэл тэгш сондгой дугаарын хязгаарлалт, богино эргэлтийн чиглэлүүд харилцан нөлөөлөл үзүүлж хөдөлгөөний эрчим нэмэгдэж, абтобусаар зорчих зорчилт нэмэгдэж, автобус хүлээх хугацаа багасаж байсныг тоон үзүүлэлтүүд харуулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ