Т.Батцогт: Улаанбаатарт 560 ширхэг автобус байхад л нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой

2024-02-01 109 0

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-д очиж ажиллав.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Авто замын түгжрэлийн талаарх тооцоолол дээр олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүстэй хамтарч бид судалгаа хийсэн.

Зайсангийн уулзварт танай байгууллагын хийсэн судалгааны дагуу бүтэн тойрдог болгосон. Гурван километр тойроход нэг цаг түгжирч байгаа нь тооцоолол буруу байсан гэсэн үг.

Зайсангийн дөрвөн замын уулзварт асуудал үүсэж байгаа гол шалтгаан нь замын зорчих эгнээний тоог стандарт бус байдлаар хязгаарласанд байгаа юм. Өөрөөр хэлбэл баруун талаас орж ирж байгаа эгнээ, нэг эгнээ байж байгаад нэвтрэх болохоороо дөрвөн эгнээ болчхож байгаа юм. Энэ хооронд гэрлэн дохион дээр маш их хугацаа алдаж байна.

Стандартаараа нэг минутын хугацаанд 45 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрнэ. Гэтэл тэнд 30 тээврийн хэрэгсэл нэвтэрч дараагийнх нь нэвтэрч чадахгүй түгжрэл үүсгэж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зарцуулсан 960 тэрбум төгрөгөөр уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх бүрэн боломж байсан.

Улаанбаатар хотод явж байгаа 960 ширхэг нийтийн тээврийн автобусыг хангалтгүй байна гэж байгаа ч манай судлаачдын бодит судалгаа дээр 560 ширхэг автобус байхад л нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж гаргаж ирсэн” гэв.

“Энэ онд 13 км гудамж замыг нэмэлтээр сайжруулж зохион байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа”

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Улаанбаатар хотын 13 уулзвар дээр гол ачаалал үүсэж өдөр тутамд 82.9 км зам түгжирдэг.

Шалтгаан дээр нь биш гол үүсвэрийг нь судалсан. Жишээ нь Алтай хотхон сургууль, цэцэрлэггүй байхгүй. Иймд зарим нь нарны гүүрийг хойш давж хүүхдүүдээ өгдөг. Зарим нь Хурд хороолол руу явдаг байсан учраас сургууль цэцэрлэг барихаар болсон.

Мөн энэ онд 13 км гудамж замыг нэмэлтээр сайжруулж зохион байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа.

Улаанбаатар хотын төмөр зам дээгүүр Энхтайвны гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр, Нарантуулын баруун урд талын төмөр замын призер, Олимпын гүүр гэсэн таван байгууламжаар л урагшаа, хойшоо төвлөрлийн бүс рүү буюу Яармаг, Хан-Уул руу орж гарч байна. Энэ хөдөлгөөнийг л дэмжиж явуулахгүй бол Улаанбаатар хот 0 зогсох магадлал маш өндөр байгаа юм” гэв.

зураг

Холбоотой мэдээ