Холбоотнууд нь Оросын иргэдийг визгүй нэвтрүүлэхээс татгалзав

2024-02-01 114 0

Исламын Бүгд Найрамдах Иран улс хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийг нь визгүй нэвтрүүлэх 28 улсын нэрсийг саяхан зарлажээ.

Эдгээр улсуудын дотор хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Беларусь, Киргизстан, Узбекистан зэрэг улсууд багтсан бол сүүлийн үед Өрнөдийн эсрэг эвслийн гол холбоотон болоод байгаа ОХУ багтаагүй байна.

Оросын иргэд зөвхөн 5-50 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын бүлэг хэлбэрээр 15 хүртэл хоногийн хугацаанд Иранд визгүй нэвтрэх боломжтой юм.

Харин хувиараа зорчих бол 30 хоногийн визийг Ираны консулын газраас 35 еврогоор авах ёстой болжээ. Хэрвээ нисэх онгоцны буудалд шууд ирээд виз авах бол 70 евро төлөх юм байна.

Иранаас өмнө Хятад улс бас Оросын иргэдийг визгүй хүлээж авахаас татгалзсан юм.

Тус улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайз зэрэг улсуудын иргэдийг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргахдаа ОХУ-ыг багтаагаагүй байна.

Оросуудыг Ирантай нэг адил зөвхөн 5-50 хүнтэй бүлэг жуулчдын хэлбэрээр ирсэн тохиолдолд 15 хүртэл хоногийн хугацаанд визгүй нэвтрүүлэх нөхцөлийг хэвээр үлдээжээ.

Үүнтэй төстэй журам 2000 оноос хойш хэрэгжиж байгаад цар тахлын үеэр цуцлагдсан нь ийнхүү дахин сэргэсэн байна.

ОХУ-ын аялал жуулчлалын операторуудын холбооны мэдээлснээр 2023 оны эхний 10 сарын хугацаанд 70,000 хүн бүлэг жуулчдын хэлбэрээр Хятадад визгүй зорчжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times

Холбоотой мэдээ