Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурсан.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдэж, 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286,000 төгрөг байх төсөөлөл гаргасан талаар Засгийн газрын тэргүүн мэдээлэл өгсөн.
Энэ үеэр гурван намын дарга нар Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахад гарын үсэг зурсан талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улс хөгжих асар боломжтой. Чангааж байсан зүйл нь улс төрийн тогтолцоо. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцооны өөрчлөлт хийж боломжтой байсан. Харамсалтай нь хоёр намын тогтолцоонд орсны үр дүнд зөвшилцөлд хүрч чадаагүй.
Одоогоор парламентад гурван нам байна. Цаашдаа олон нам байх болно. Үр дүнд цөөхөн монголчууд зөвшилцдөг, ойлголцдог, нэгддэг систем рүү алхсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадсан. Энэ нь монголчуудын хувь заяа байсан. Хөгжлийнхөө суурийг хийсэн гэсэн үг.
Дараа нь эдийн засгийн том өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр монгол залуучууд гадагшаа амьдрал хөөж явж байгаа, орлого багатай, ирээдүйгээ харж, итгэл найдвар хүсэж байна.
Эдийн засгийнхаа бодит орлогыг өсгөх боломж байна гэдэг агуулгаар УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэйгээ сууж байгаад асуудлыг тавьж байна.
Бид маш амжилттайгаар засаглалын тогтолцоог хамгаалж чадсан. Одоо авторитар дэглэм байхгүй, Монголд хэн нэгэн дарангуйлагч төрөхгүй.
Дараагийн ажил нь эдийн засгийн том, цогц реформ хэрэгтэй. Энэ системийг авч явах механизм нь Баялгийн сан юм. Популизмаас ангид, бодит прагматик зорилт тавьж асуудлынхаа ард гарья гэвэл улс төржихгүйгээр Баялгийн сангийн асуудлыг шийдье гээд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Баялгийн сангийн асуудлыг шийдсэн тохиолдолд өнөөдрийн 15 тэрбум ам.долларыг 55 тэрбум ам.доллар болгох боломжтой. Эх үүсвэрээ зөвхөн хэрэглэдэг бус хуримтлуулдаг, өсгөдөг, гаднын хөрөнгө оруулалтыг татдаг, дотоодын бизнесийг дэмждэг боломж нь байгаа. Дэлхий дээр хөрөнгө оруулалт татдаг гол суваг нь Баялгийн сан болсон.
Ийм учраас бидний ажил иргэдийн бодит орлогыг өсгөх, том төслүүдээ урагшлуулахад хамтарч ажиллах шийдлийн хүрээнд санамж бичиг байгуулагдаж байна. Үүнийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхэд хатуу тохиролцоо хийсэн.
Бид хөгжих цаг болсон. Бие биедээ дэгээ тавьдаг цаг үеийг өнгөрөөж, хөгжлийнхөө төлөө эр зоригтойгоор иргэдийнхээ бодит орлогыг өсгөх чиглэлд хамтарч ажиллах цаг хугацаа ирсэн” хэмээн ярив.
0 cэтгэгдэлтэй