Шатахууны нөөц савандаа багтахгүй их байгаа

2024-01-31 143 0

Уул, уурхайн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Стандартаар аюултай ачаа тээвэрлэх савыг хэдэн жил ашиглах ёстой байдаг вэ. Жишээ нь, Дашваанжилынх 15 жил ашиглаж байгаа гэсэн?

-Манайх уул уурхайн яам шүү дээ. Манай яам импортоор орж ирж байгаа газ болоод нефьт импортлох асуудлыг л хариуцдаг болохоос түгээх, тээвэрлэх нь өөр яамдуудын ажил шүү дээ.

-Импортоор энэ төрлийн бодисыг хэчнээн компани оруулж ирж байна вэ?

-Мэдээллүүд нь ил байгаа. Нефьт, газ хэр орж ирж байгааг эхнээс нь хэлэх юм уу.

-Хот дотор газ тээвэрлэх зөвшөөрөгдсөн хэмжээ нь хэд байдаг вэ?

-Улаанбаатар хотыг тойроод явах ёстой байсан юм уу, эсвэл хот дотор явах уу гэдгийг ЦЕГ-ын Лицензийн төвөөс зөвшөөрлийг нь өгдөг юм билээ. Манай хяналтын байцаагчид зөвшөөрлийг нь өгдөггүй. Би салбарынхаа асуултад хариулна.

-Шатахуун дахиад хомсдоод эхлэв үү?

-Үгүй ээ. Хүүхдүүдийн хичээл орлоо. Цагаан сарын уур амьсгал орж, хөдөө орон нутгаас машинууд ирж байна. Ачаалал бага зэрэг нэмэгдсэн. Шатахууны нөөц хангалттай байна. Хагас, бүтэнсайнаар бага зэргийн ачаалал үүссэн. Цагаан сарын өмнө иргэдийн 92-ын хэрэглээ нэмэгддэг. Дизель түлшний бөөний үнэ 3300 төгрөг рүү орж буусан. Үнэ бууснаар бидний хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлнө. Уул уурхайн компаниуд дизельгүй боллоо гэж хүртэл асууж байсан. Дизельгүй болох нь битгий хэл 5000 төгрөгөөс үнэ нь буугаад 3300 төгрөгөөр түлшээ авч байгаа.

-Одоо хүртэл шатахууны хомсдол үргэлжлээд байгаа шүү дээ…

-Уучлаарай. Одоо хүртэл үргэлжилсэн зүйл байхгүй. Хэрэглээ нэмэгдсэн. “Магнай трэйд” ХХК-ийн колонкуудад шатахуун хязгаарлалттай олгож байгаа. Ганц нэг компаниудын дотоод асуудал бий. Тэрнээс хэрэглээ юм уу, нөөцтэй холбоотой асуудал байхгүй. Та нар нэг дэлгүүр хаагдчихаар бүх дэлгүүр хаагдчихлаа гэж ярьдаггүй биз дээ. Нэг колонк дээр очоод хаалттай байхаар бүх колонк бензингүй болчихлоо гэсэн юм яриад байх юм.

-Импортлогч компаниуд зохиомол хомсдол үүсгээд байна уу гэх хардлага нийгэмд байна…

-Тийм зүйл байхгүй. Евро-92-ын нөөц их байгаа. Энгийн 92-ын нөөц тэрнээс ч их байна. Компаниуд үнэтэй 2940 төгрөгөөр зарагддаг евро-92-оо борлуулах сонирхол байна. Болохгүй бол бид нар 2940 төгрөгийн евро-92-ыг 2390 төгрөгөөр заруулна. Евро-92 бүр савандаа багтахгүй их байна.

Холбоотой мэдээ