Орос улстай найрамдлын гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаагаа Японы Ерөнхий сайд мэдэгдлээ

2024-01-30 190 0

МОСКВА, 2024 оны нэгдүгээр сарын 30 /kommersant/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ОХУ-тай газар нутгийн маргааныг зохицуулж, найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэв. Үүний зэрэгцээ К.Фүмио Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээ мэдэгджээ.

“Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас Япон-Оросын харилцаанд хүнд нөхцөл байдал үүссэн боловч Япон улс нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх, энхийн гэрээ байгуулахад чиглэсэн бодлогыг тууштай баримталсан хэвээр байна” гэж Ерөнхий сайд Японы парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

К.Фүмио хэлсэн үгэндээ, тус улсын эрх баригчид бусад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдаад Украины нутаг дэвсгэрт мөргөлдөөн болж байгаатай холбоотойгоор хууль дээдлэх ёс, хүний эрхэм чанарыг хамгаалах шаардлагатай байна хэмээн мэдэгджээ.

Японы Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, Украины нутаг дэвсгэрт болж буй байлдааны ажиллагаа олон улсын дэг журамд томоохон сорилт учруулж байна гэв. Тиймээс Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Украинд дэмжлэг үзүүлэхийг тууштай дэмжинэ. К.Фүмио мөн Орос, Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагааны тухайд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Найрамдлын гэрээ байгуулах асуудлаар Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх нөхцөл бүрдэхгүй байна гэж Японы Ерөнхий сайд 2022 оны сүүлчээр мэдэгдэж байв. 2023 оны нэгдүгээр сард Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдэхдээ, Японы эрх баригчид “Оросын эсрэг бодлогооосоо” ухрахгүй байгаа тул тус улстай хэлэлцээ хийх боломжгүй гэжээ. К.Фүмио өнгөрсөн 10 дугаар сард мөн Москватай найрамдлын гэрээ байгуулахад чиглэсэн бодлогоо Токио үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байлаа.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ