“Президент спорт комплекс” цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байгуулна

2024-01-29 212 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.

Ажлын хэсгийг Монгол Улсын Сайд, Олимп, Нийтийн Биеийн Тамир, Спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.

Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус цогцолбор нь 59 мянган м2 талбай бүхий сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнес, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хуралдаанаас:

  • Монгол-Хятад талын “Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байршуулах солилцох захидал”-д гарын үсэг зурах
  • Төслийн бэлтгэл ажил, гадна инженерийн шугам сүлжээ барих болон нэмж олгох шаардлагатай нэг га газар нэмж олгох
  • Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх байршлын урд байрлах эсрэг урсгалтай дөрвөн эгнээ замыг эсрэг урсгалтай зургаан эгнээ зам болгон өргөтгөх
  • Төслийн хүрээнд шаардлагатай байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийх
  • Дулааны техникийн нөхцөлд ачааллыг гүйцээн нэмж олгох ажлыг шийдвэрлэхээр боллоо.

Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгосон.

“Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1,327 хүнд үйлчилнэ. Энэ нь өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болно.

 

Эх сурвалж: БТСУХ

Холбоотой мэдээ