Хятад эмэгтэй $2.8 саяын хөрөнгөө хүүхдүүддээ биш, муур, нохойдоо өвлүүлэхээр болжээ

2024-01-29 173 0

Нэгэн чинээлэг эмэгтэй 20 сая юанийн ($2.8 сая) хөрөнгөө гурван хүүхдэдээ биш, муур, нохойнууддаа өвлүүлэх шийдвэр гаргасныг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.

Шанхай хотын оршин суугч Лиү нэртэй энэ эмэгтэй өтөл насанд нь анхаарал халамж тавихаа больж, өвдөх үед эргэж тойроогүй хүүхдүүдээ гэрээслэлээсээ хасаж, хүнд үед үргэлж хамт байсан тэжээвэр амьтдадаа бүх хөрөнгөө өвлүүлэхээр болсон байна.

Уг нь тэр хэдэн жилийн өмнө бүх хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх гэрээслэл бичиж байжээ.

Гэвч хүүхдүүд нь түүнийг гомдоож, бүр холбоо барихаа ч больсон тул гэрээслэлээ өөрчлөхөөр болсон байна.

Хятадын хуулиар хувь хүн хөрөнгөө амьтдад шууд өвлүүлэх боломж байхгүй тул орон нутгийн мал эмнэлэгт үлдээхээр болжээ.

Эмнэлэг Лиүгийн хөрөнгийг нас барсных нь дараа түүний тэжээвэр амьтдыг болон тэдний үр төлийг халамжлахад зарцуулах үүрэг хүлээх юм байна.

Хятадын Гэрээслэл Бүртгэлийн Төвийн зүүн бүсийг хариуцсан төлөөлөгч Лиүтэй уулзаж, бүх хөрөнгөө мал эмнэлэгт өвлүүлэх эрсдэлтэй талаар олон удаа тайлбарласан ч шийдвэрийг нь өөрчлүүлж чадаагүй гэнэ.

“Бид Лю гуайд хүүхдүүдийнх нь түүнд хандах хандлага өөрчлөгдвөл гэрээслэлээ өөрчлөх боломжтойг санууллаа” гэж тус төвийн Бээжин дэх салбарын төлөөлөгч Чэнь Кай хэвлэлд ярьжээ.

Лиүгийн итгэмжилсэн хүн мал эмнэлэг тэжээвэр амьтдынх нь асрамж, маллагааг зохих хэмжээнд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж байхаар болсон байна.

Өнгөрсөн онд Шанхай хотод бас нэг сонирхолтой өв залгамжлалын маргаан гарч байжээ. Нэг эрэгтэй 3.3 сая юанийн ($466,000) хөрөнгөө төрөл төрөгсдөдөө биш, өөртэй нь сайхан харилцдаг байсан жимсний лангууны худалдагчид өвлүүлэхээр болсон юм.

Түүний төрөл төрөгсөд гомдол гаргасан ч гэрээслэлийг хэвээр үлдээх шийдвэрийг шүүх өнгөрсөн арван хоёрдугаар сард гаргаж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ