Япон улс гадаадаас авах тусгай мэргэжлийн ажиллах хүчний жагсаалтдаа дөрвөн шинэ салбарыг нэмэхээр төлөвлөж буй тухай тус улсын засгийн газрын эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Үүнд зам тээвэр, төмөр зам, ойн аж ахуй, мод боловсруулах салбарууд багтсан байна. 2019 онд нэвтрүүлсэн тусгай визээр мэргэжлийн ажилтан гадаадаас авах хөтөлбөр анх удаагаа шинэчлэгдэж байгаа нь энэ бөгөөд дээрх дөрвийг нэмснээр хамрах салбарын тоо нь 16 болох гэнэ.
Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газар гуравдугаар сарын 31-нд дуусах одоогийн санхүүгийн жилд багтаан дээрх шийдвэрийг гаргахаар төлөвлөж буй тухай эх сурвалж мэдээлжээ.
Хүн ам хөгширч, хүүхэд төрөлт буурсан нь Япон улсыг ажиллах хүчний ноцтой хомсдолд оруулж байгаа.
Дээрх шинэчлэлтийг нэвтрүүлбэл тус улс гадаадаас автобус, такси, тээврийн автомашины жолооч нарыг авах юм.
Гадаадаас ажилчин авах хөтөлбөрийн дагуу таван жилийн хугацаатай нэгдүгээр ангиллын визийг япон хэлний мэдлэгтэй, шууд ажиллах боломжтой хүмүүст өгдөг. Харин хоёрдугаар ангиллын визийн шаардлага хангавал оршин суух хугацаагаа хязгааргүй сунгуулж, гэр бүлээ Японд авчрах боломжтой болдог байна.
Японы засгийн газар өнгөрсөн онд хоёрдугаар ангиллын визийн хамрагдах салбарыг хоёроос 11 болгон нэмэгдүүлсэн нь тус улсын цагаачлалын бодлогод гарсан томоохон өөрчлөлт болж байв.
Гэхдээ хөтөлбөрийн хэрэгжилт засгийн газрын хүлээсэн үр дүнд хүрэхгүй байгаа гэдэг. 2019 оны дөрөвдүгээр сард хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд 2024 оны гуравдугаар сарыг дуустал 345,150 ажилчин гадаадаас авахаар тооцоолж байжээ.
Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 200,000 орчим хүн нэгдүгээр ангиллын, ердөө 29 хүн хоёрдугаар ангиллын виз авсан байна.
Эх сурвалж: Kyodo News
0 cэтгэгдэлтэй