Лхагва гарагт ОХУ-ын Белгород мужийн нутагт Оросын армийн ачаа тээврийн Ил-76 онгоц осолдсон билээ.
Оросын эрх баригчид онгоцыг Украины тал пуужингаар унагасан гэж буруутгаж байгаа. Бас онгоцонд нийт 74 зорчигч явсны 65 нь солилцохоор авч явсан Украины олзны цэргүүд байсан гэж мэдээлсэн юм.
Харин Украины тал онгоцыг унагасан эсэхээ одоогоор шууд хүлээгээгүй байна.
Өчигдөр Украины цэргийн тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэвлэлд энэхүү ослын талаар зарим мэдээлэл өгчээ.
“Онгоцонд Оросын армийн болон улс төрийн хэд хэдэн ВИП зорчигч явсан гэх мэдээлэл байна” гэж Юсов энэ үеэр ярьсан байна.
Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) тэдэнд өөр тээврийн хэрэгсэл сонгохыг ятгасан ч хүлээж авалгүй онгоцонд суусан гэнэ.
Мөн онгоцны ослын газарт аврах албаныхан шалгалт явуулахыг ФСБ хориглосон гэх мэдээлэл авснаа Юсов ярьжээ.
Тэрбээр Оросын тал дайнд ашиглах пуужинг онгоцоор тээвэрлэхдээ Украины олзныхныг “хүн бамбай” болгон ашигласан байж болзошгүй гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна.
Бүр олзны хүмүүсийг тээвэрлээгүй ч байх магадлалтайг хэлжээ.
Тухайлбал ослын газарт буулгасан дүрс бичлэгт хүмүүсийн цогцос харагдахгүй байгаа, Пүрэв гарагт Белгородын моргт таван хүний цогцос л хүргэсэн тухай мэдээлэл авснаа Юсов ярьсан байна.
“Энэ тоо нислэгийн багийн гишүүдийн тоотой тохирч байна” гэж тэр хэлжээ.
Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “олзны цэргүүдийн амь насаар тоглосонд” Оросын эрх баригчдыг буруутгаж, ослыг олон улсын мэргэжилтнүүдийн багаар шалгуулахыг уриалсан юм.
Эх сурвалж: CNN
0 cэтгэгдэлтэй