СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гар буу оролдож байх үедээ сум алдаж хоёр иргэнийг оножээ

2024-01-25 330 0

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15:40 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хогийн хонхор гэх газар “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй “Э” нь гар буу оролдож байх үед нэг удаа буудлага үйлдэгдэн сум алдаж, улмаар хамт байсан БНХАУ-ын иргэн 50 настай, эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ