Ардчилсан нам (АН)-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ)-ны гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Н.Одонгуа нар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийж иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж Үндсэн хуулийн эрх зөрчигдөж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Манай улсад 1995 оноос хойш Агаарын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Химийн бодис агаарт цацагдвал ямар арга хэмжээ авах талаар энэ хуульд заасан байдаг. Гэтэл энэ стандартаа мөрдөхгүй байгааг АН-ын төлөөлөгчид онцолж УИХ-ын даргад албан бичиг өгөхөөр болсон юм.
Энэ үеэр ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг “Г.Ариунбуян генералаас иргэдээ төлөөлөн асуумаар байна. Яагаад бусдыг аврах ёстой аврагчдаа удаа дараалан алдаад байна вэ, энэ байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд дөрвөн удаа ажилтнаа оршууллаа. Аврагчид мэргэжлийн сургуулилалт дээрээ хүний амь нас аврах биш цэргийн жагсаал хийлгэж байна гэдэг гомдол үнэн үү
Энэ мэт олон асуултад олон нийтийн өмнө хариулт өгөх хэрэгтэй. Г.Ариунбуян генерал саяны ослыг хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэж тайлбарласан. Ийм гамшигт бэлэн байх ёстой чиг үүрэгтэй байгууллагыг тэр хүн удирддаг.
Гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой Байдлын 63 дугаар анги өнгөрсөн жилийн шилдгээр тодорсон. Бусдаасаа онцгойрч шилдгээр нэрлэгдчихээд аврагчдынхаа амь насыг алдаад сууж байгааг нь харахад харамсалтай.
Аврагчид сард дунджаар нэг сая төгрөгийн цалин авдаг. Төрийн тусгайн ТТ-1 ангиллаар хамгийн өндөр цалин авдаг хүн бол Г.Ариунбуян генерал. Гэтэл алба хаагчдынх нь цалин хамгийн бага байдаг.
Шадар сайд С.Амарсайхан стандартыг мөрдөх ёстой гэж гоё үгээр халхавч хийлээ. Гэтэл манай улсад мөрдөгдөж буй стандартын журмыг ОХУ-ын сайтаас хуулбарлаж аваад орчуулаад гаргасан байдаг. Яагаад өдийг хүртэл тусгаар улс байж стандартын журмаа гаргаагүй юм бэ.
Г.Ариунбуян, С.Амарсайхан нар ажлаа өгөөд огцрох ёстой. Гэхдээ тэднийг явууллаа гээд тогтолцоогоо өөрчлөхгүй бол үр дүн гарахгүй. Тиймээс тогтолцоогоо бүрэн өөрчлөх шаардлагатай байна” гэж ярилаа.
Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн хашаанд баригдаж байгаа алба хаагчдад зориулсан “Онцгой” хотхон хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, тус хотхонд орох ёстой иргэд цахим орчинд групп үүсгээд явж байгаа талаар О.Чулуунбилэг онцоллоо.
АН-ын залуус НИТХ ээлжит хурал хойшлогдсоныг шүүмжилсэн. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдалд асуудал үүсээд байгаа өнөө үед хурлаа яаралтай хийж асуудлаа хэлэлцэх ёстойг тэд сануулав.
0 cэтгэгдэлтэй