С.Амарсайхан: Аюулгүй байдлыг хангаагүй шатахуун түгээх станцуудыг буулгана

2024-01-24 209 0

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ослын талаар Улсын Онцгой Комиссын албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Байр орон сууцнуудын дунд байгаа шатахуун түгээх станцыг нүүлгэх эсэх талаар энэ үеэр тодруулсан юм.

Уг асуултад Шадар сайд С.Амарсайхан “Стандартын дагуу бизнес эрхэлж байгаа албан байгууллагад хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ улс орны аюулгүй байдалтай холбоотой үед стандартыг хангасан ч шаардлагатай гэж үзвэл шатахуун түгээх станцыг буулгаж нүүлгэх ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн хэлмэгдэж хохирох ёсгүй.

Дан ганц шатахуун түгээх станцын асуудлаар ч биш бусад ахуйн гэмтэл бэртлийн үндэс болоод буй асуудлыг ч цэгцлэх ёстой. Стандартаа дагаж мөрдөж хэвших шаардлагатай байна” гэж онцоллоо.

Уг нь сэтгүүлчид шатахуун түгээх станцууд зохих журмын дагуу байгуулагдсан. Сүүлд орон сууцнууд нэмэгдэж баригдсан гэдэг байдлаар хариуцлагаас зугтдаг талаар тодруулсан ч Шадар сайд энэ асуултад дорвитой хариулт өгсөнгүй.

Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд 14 дүгээр сургуулийн хашаанд тулгаж ШТС барьсан нь олны анхаарлыг татаж байв. Энэ асуудлаар иргэд эсэргүүцсэн ч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгааг сэтгүүлчид тодруулсан юм.

Холбоотой мэдээ