Нью-Хэмпширийн сунгаанд Д.Трамп ялжээ

2024-01-24 143 0

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 24 /CNN/. Нью-Хэмпшир муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүлж байна. Тэрбээр Никки Хейлиг ялснаар нам доторх байр сууриа улам бэхжүүлнэ гэж CNN телевиз мэдээлжээ.

Айова муж улсын сунгаанд ялснаас нь хойш найм хоногийн дараа болсон энэхүү сунгаа нь Д.Трампыг БНН-аас гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалыг улам нэмэгдүүлж байна. Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхан сунгаа эрт явагдаж буй муж улсуудад итгэл төгс ялалт байгуулан анхан шатны сонгуулийн санал хураалтыг эрт дуусгаж, улмаар гуравдугаар сарын дунд үе гэхэд түүний нэр дэвших эрхийг баталгаажуулахыг зорьж байна. Д.Трамп Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдохын төлөө өрсөлдөхөө 2022 оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.

сонин mn

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй Никки Хейлигийн хувьд Нью-Хэмпширийн сунгаанд ялсанд Д.Трампад баяр хүргэсний сацуу үргэлжлүүлэн өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Каролина муж улсын захирагч асан тэрбээр Нью-Хэмпширт хэлсэн үгэндээ, “Дональд Трампыг өнөө орой ялсанд нь баяр хүргэе. Тэрбээр яллаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна” гэв. Үүний сацуу тэрбээр хоёрдугаар сарын 24-нд БНН-ын анхан шатны сонгууль болох Өмнөд Каролинад очихоо тэсэн ядан хүлээж байгаагаа онцлоод, санал хураалт явагдах олон муж улс байгаа тул өрсөлдөөн дуусах болоогүй байна хэмээлээ.

​​​​​​​Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ