Өмнөд Солонгосын телевизийн цувралыг үзсэн өсвөр насны хоёр хүүд Умард Солонгосын дэглэм 12 жил хөдөлмөрийн лагерьт хорих шийтгэл оноож буйг харуулсан ховор дүрс бичлэгийг BBC агентлагийн солонгос хэлний алба олж авснаа өчигдөр цацжээ.
2022 онд үйлдсэн уг дүрс бичлэгт задгай стадионд цугларсан олон зуун сурагчдын өмнө дүрэмт хувцастай албаныхан 16 настай хоёр хүүгийн гарт гав зүүж буйг харуулсан байна.
Энэ үеэр тэднийг “алдаагаа бүрэн ухамсарлаж чадаагүй” хэмээн зэмлэж байжээ.
Умард Солонгосын иргэдэд Өмнөд Солонгосын телевиз, кино, дуу хөгжим хатуу хориотой байдаг.
Гэсэн хэдий ч тус улсын иргэд шийтгүүлэхээс айлгүй нууцаар үзсээр байгаа.
Умард Солонгосын дотоодод болж буй үйл явдлын зураг, дүрс бичлэг гадаад ертөнцөд гарах нь маш ховор байдаг юм.
BBC агентлаг дээрх бичлэгийг Умард Солонгосын дүрвэгчидтэй хамтран ажилладаг South and North Development (Sand) судалгааны хүрээлэнгээс олж авчээ.
Пёньяны эрх баригчид уг дүрс бичлэгийг иргэдэд сургамж болгох зорилгоор тараасан бололтой.
Бичлэгт “Ялзарсан утсан хүүхэлдэйн дэглэмийн (Өмнөд Солонгос) соёл өсвөр насныханд хүртэл тархсан байна. Дөнгөж 16 настай тэд өөрсдийн ирээдүйг сүйрүүллээ” гэж ярих суртал нэвтрүүлэгчийн тайлбарыг хавсаргасан байжээ.
2020 онд Пёньяны дэглэм Өмнөд Солонгосын соёл урлагийн бүтээлүүдийг нууцаар үзсэн хүмүүст цаазын ял оноох хуультай болсон юм.
Өмнөдийн дуу хөгжим сонсож, киноны хуулбарыг найзтайгаа хуваалцан үзэж байсан 22 настай залууг олны өмнө буудаж хороосон тухай нэг дүрвэгч өмнө нь ярьж байв.
Эндээс Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын соёл урлагийн нөлөөнөөс маш их болгоомжилж байгаа нь харагдаж байна.
2000-аад оны үед хоёр Солонгосын харилцааг сайжруулсан “нарны илч” бодлогын үеэр Өмнөд Солонгосын соёл урлаг Умардад анх дэлгэрч байжээ.
Сөүлийн эрх баригчид энэ бодлогоо үр дүнд хүрээгүй шалтгаанаар 2010 онд зогсоосны дараа Умард Солонгост нөхцөл байдал хүндэрсэн юм.
Одоо ийм контентууд Хятадаар дамжин тус улсын иргэдэд хүрч байгаа гэдэг.
“Өмнөд Солонгосын иргэд биднээс маш муу нөхцөлд амьдарч байгаа гэж эрх баригчид заадаг байсан. Гэвч киног нь үзэхэд тэс өөр ертөнц харагддаг. Умард Солонгосын дэглэм үүнээс маш их айж, болгоомжилж байгаа” гэж нэг дүрвэгч ярьж байжээ.
Эх сурвалж: BBC
0 cэтгэгдэлтэй