Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Төв аймгийн Засаг дарга Дэмбэрэлийн Мөнхбаатар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Төв аймгийн Өндөрширээт сумын ерөнхий боловсролын сургуулийг засварлах юм. Үүнд хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, шал хаалга), цахилгаан шугам (самбар, гэрэлтүүлэг, унтраалга, залгуур)-ыг засварлана. Ингэснээр сургуулийн эрүүл, аюулгүй орчин бүрдэж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм.
Японы Засгийн газар манай улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих тус хөтөлбөрийн 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,506 ам.доллар юм.
Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам
0 cэтгэгдэлтэй