Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл өнөөдөр хурлаар Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй.
2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд нийслэл хотод 840 орчим мянга, 2030 онд 1.1 сая, 2035 онд 1.5 сая, 2040 онд хоёр сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1,213 км.
Энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын авто замын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн авто замын урт нь 62 км.
Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85,783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой.
Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулжээ.
Энэ асуудлыг нэгдүгээр сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл Мэдээллийн Төв
0 cэтгэгдэлтэй