Ц.Даваасүрэн: Хувь хүн стратегийн ордыг 100% эзэмших хууль оруулж ирчхээд зүтгүүлээд байна

2024-01-18 221 0

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

Найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн энэ удаагийн парламентын намрын отгон чуулган завсарлахын өмнөхөн хэлэлцсэн дээрх хуулийн төсөл нь олон нийтийн дунд эргэлзээтэй олон асуудлыг дагуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын хууль, мөн Төрийн өмчийн компани байгуулахыг түр хориглосон хууль хэлэлцэгдсэн. Энэ хоёр хуулийн хор уршгийн талаар иргэд, сонгогчдод нээлттэй мэдээлэл өгсөн. Үүний хариуд хүчтэй дайралтууд явж эхэллээ. Сонгууль хүртэл үргэлжлэх бололтой байна.

Энэ хоёр хуулийн аюул юу вэ гэвэл УИХ руу нэг том стратегийн орд орж ирэх гээд байгаа. Стратегийн ордод 50 хүртэл хувийг төр эзэмшиж, ард түмэн хувь хүртэнэ. Төрийн өмчит компани байгуулахгүй гэхээр 34-50 хувь хүртэхийг байхгүй болгочхож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин Эрдэнэт, Тавантолгойгүй болно гэсэн үг. Хувь хүн стратегийн ордыг 100 хувь эзэмших ийм юмыг оруулж ирчхээд зүтгүүлээд байна.

Үүнийг нь хэлчхээр хорсож байгаа гэж, есөн шидээр гүтгэж байна. Бид гүтгэлэгтэй тэмцэнэ. Хуулийн хяналтын байгууллагад өгнө. Тэгэхээр бас хэцүү юм гарч ирэх юм. Нэг сайтад биднийг янз бүрээр бичихээр нь шалгаж өгөөч гээд хууль хяналтын байгууллагад хүсэлт тавьсан. Ингэхээр хүлцэл өчье, биднийг ялаас мулталж өгөөч гэж байгаа юм. Баримт нотолгоогүй юм тавивал өгөхөөс өөр аргагүй. Улс төрийн л захиалга байгаа.

Тус сайтад гарсан нь биднийг “Олигархижсан бүлгийн толгойлол”, “Жалганы ухнуудаар Монголын төрийг зайдагнуулж болохгүй” гэсэн юм бичсэн. Иймэрхүү юм хоёр хуулийн дараа олон нийтийн сүлжээгээр хавтгайрч эхэлсэн. Адилхан хар байх гэж зүтгэж байгаа улс төрчдийн захиалга гэдгийг бид ойлгож байгаа. Гүтгээд ч болтугай адилхан хар болгох гэсэн захиалга. Тиймээс сэтгүүлч нар битгий өртөж, хэлмэгдээсэй гэж бодож байна. Хүнийг гүтгэчхээд баримт өгөхгүй байгаа тул бичсэн хүмүүс нь хэлмэгдэх гээд, биднийг гуйгаад байгаа.

100 жилээр газраа ашиглуулаад, гэр бүлтэй нь байнга оршин суух виз өгье гэдэг Монгол Улсын иргэн бидний дунд байгааг анхаарах хэрэгтэй болсон байна. Тусгаар тогтнолын хамгийн том аюул нь дотроосоо. 1919 онд дотроосоо тусгаар тогтнолоо байхгүй болгосон. Тиймээс анхааралтай байхгүй бол дотроосоо элдэв янзын хууль санаачлах, алсуураа тусгаар тогтнолыг ганхуулах юмнууд орж ирж байна. Хэлчхээр элдвээр захиалга өгөөд, бусдыг хүнд байдалд оруулдаг юм болж байна.

Олон нийтийн сүлжээ харахаар л бидэн рүү дайрсан, манай тойрог руу чиглэсэн мэдээлэл их цацаж байна. Бид хуулийн дагуу л үзнэ” гэсэн юм.

Түүнчлэн “Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн 16.1.5-д Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрөл олгоно гэж байгаа. Энэ бол аюултай. Өмнө нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж авах, компани хамтран байгуулбал байнга оршин суух эрхтэй болдог байсан. Нэг ёсондоо АНУ-д ногоон карт авахад тодорхой хэмжээний босготой байдаг. Түүнийг нь манайд нэг сая төгрөг л болгочхож байгаа юм. Манайд оршин суух виз авах гээд байна” гэв.

Холбоотой мэдээ