Лхагва гарагт АНУ-ын Лос-Анжелес хотоос Германы Мюнхенд ирсэн Холливүүдийн од Арнольд Шварценеггер биедээ авч явсан үнэтэй бугуйн цагийг гаальд мэдүүлээгүй шалтгаанаар түр саатуулагджээ.
Германы гаалийнхан 76 настай одыг гурван цагийн турш саатуулж, ачаа тээшийг нь шалгасан тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.
Шварценеггер 26,000 еврогийн үнэтэй “Andemars Piguet” брэндийн бугуйн цагийг дуудлага худалдаагаар зарж, олсон мөнгөө өөрийн байгуулсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санд хандивлах зорилготой Европт иржээ.
“Бид татварын хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ цаг импортын бүтээгдэхүүн учраас бүртгүүлэх ёстой байсан” гэж Мюнхений нисэх буудлын гаалийн албаны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.
Нэрт жүжигчин өөрийн аяллын зорилгыг тайлбарлахдаа бугуйн цагийг Пүрэв гарагийн орой Австрийн амралт, аялал жуулчлалын хот Кицбюхелд зохион байгуулагдах дуудлага худалдаанд зарж, олсон орлогыг Schwarzenegger Climate Initiative санд хандивлах зорилготой гэж ярьжээ.
“Энэ бол Германд ч бас тулгарч байгаа асуудал. Та нар ой модгүй болж байгаа шүү дээ” гэж Терминатор гаалийнханд учирлан ярьсныг Bild сонин мэдээлсэн байна.
Германы гаалийнхан Шварценеггерээс татварын 4,000 евро, торгуулийн 5,000 еврог оролцуулаад нийт 35,000 евро төлөхийг шаарджээ.
Жүжигчин зээлийн картаараа үүнийг төлөх гэхэд Германы гаалийнхан мөнгөний талыг бэлнээр төлөх журамтайг тайлбарласан байна. Ингээд гаалийн ажилтнууд Шварценеггерыг банкны салбарт хүргэж, бэлэн мөнгө авхуулсны дараа асуудал шийдэгджээ.
“Хэрвээ бараа Европын Холбоонд үлдэх бол гаалийн мэдүүлэгтээ заавал дурдах ёстой. Энэ журам Шварценеггер, Мюллер, Мейер, Хубер хэн байхаас үл хамаараад бүгдэд ижил тэгш үйлчилдэг” гэж гаалийн хэвлэлийн төлөөлөгч Sueddeutsche Zeitung сонинд ярьсан байна.
Дээрх цагийг Швейцарын тансаг ангиллын цаг үйлдвэрлэгч “Audemars Piguet” зөвхөн Шварценеггерт зориулан цорын ганц хувь бүтээж байжээ.
Пүрэв гарагийн дуудлага худалдаагаар бас Шварценеггерын бусад эд зүйлс, хамт бэлтгэл хийх эрх зэргийг үнэ хаялцуулан зарах гэнэ.
Эх сурвалж: Associated Press
0 cэтгэгдэлтэй