Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой байж болзошгүй хууль бус үйлдлийн талаар сэтгүүлчид цуглуулсан баримтаа танилцуулахаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт хэлэхдээ “Өнгөрсөн 8-9 сар орчмын хугацаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай хамаарал бүхий материалуудыг цуглуулсан.
Бид хууль зөрчөөгүй, Opendata буюу нээлттэй мэдээллийн сангуудаас Х.Болорчулуунтай хамаарал бүхий бүх мэдээллийг цуглуулж, баталгаажуулсан байдаг.
Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд Х.Болорчулуун сайд манай сайтад мэдээлэл бэлтгэгдэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн хүмүүсийг явуулсан.
Бид өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий, албан тушаалаа ашигласан байх магадлалтай 94.9 тэрбум төгрөгийн асуудлын мэдээллийг холбогдох байгууллагад өгнө.
Сүүлийн үед өндөр албан тушаалтантай хамааралтай мэдээлэл бэлтгэж гаргах болгонд дарж, дарамтлах хандлага гаргаж байна. Сонгуультай холбоотойгоор улайрсан улс төрчдийн хууль бус үйлдэл болж байгаа учраас яаралтай бэлтгэсэн мэдээллээ гаргахгүй бол болохгүй байгаа учраас энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна” гэлээ.
“Энэ хүний тендер, төсөл, мөнгөний асуудлаас гадна гэмт хэрэгтэй холбогдсон материалууд хүртэл бий”
Үргэлжлүүлэн “ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж, 94.9 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулж авсан. Үүнийг тодорхой баримтуудаар түшиглэж, мэдээлэл бэлтгэсэн.
Өнгөрсөн найман сарын хугацаанд 278 хуудас материал бэлдсэн. Энэ хүний тендер, төсөл, мөнгөний асуудлаас гадна гэмт хэрэгтэй холбогдсон материалууд хүртэл бий.
Энэхүү цуглуулсан баримт, мэдээллээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгөх гэж байгаа.
Өндөр албан тушаалтантай хамаарал бүхий хэрэг тул цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүсэж байна.
Х.Болорчулуун нь Авлигатай Тэмцэх Газар (АТГ), прокурорын байгууллага, хууль хяналтын байгууллагад маш том сүлжээтэй. Эдгээрийг шалгах ёстой гэх үүднээс хууль хяналтын байгууллагад цуглуулсан бүх материалаа хялбаршуулсан байдлаар хүргүүлж байна” хэмээв.
“Яагаад заавал Х.Болорчулуун сайдын Дорнод газар компани бүх тендерт ялах ёстой юм бэ?”
Мөн тэрбээр “Саруул Өргөө констракшн, Дорнод газар компани нь Х.Болорчулуун гишүүнтэй маш том хамааралтай.
Х.Болорчулуун гэдэг хүн Дорнод аймгийн Хэрлэн төвийн Ерөнхий Боловсролын Сургуулийн хүүхдийн үдийн цайны хөтөлбөрийн хоёр сая төгрөгөөс эхлээд 65 сая хүртэлх тендерүүдэд оролцдог. Яагаад заавал Х.Болорчулуун сайдын “Дорнод газар” компани бүх тендерт ялах ёстой юм бэ?
Жижиг Дунд Үйлдвэрлэл (ЖДҮ) эрхэлдэг маш олон байгууллага тэнд зүтгэж байна, тэдэнд боломж олгох ёстой.
Х.Болорчулуун гэдэг хүний эхнэр, хүүхэд, найз нөхдийн хамаарал бүхий компаниудыг гаргаж ирсэн.
- ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөг
- Хөгжлийн Банкнаас гурван тэрбум төгрөг
- “Дорнод гурил” компани, “Саруул өргөө” констракшн, “Дорнод газар”, “Хунт Оргил”, “Бадрах таван орд”, “Баянцог” констракшн, “Ногоон харш”, “Хишиг Агро”, “Арвайн үр”, “Монрок”, “Дамба Инвэст” зэрэг компани Х.Болорчулуун гэдэг хүнтэй хамааралтай.
Эдгээр компанийн ах дүүсийн сүлжээг нь гаргаж ирсэн” гэж мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй