Шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахыг Транспэрэнси Интернэшнл байгууллагын захирал зөвлөв

2024-01-17 209 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна. Энэ үеэр Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижрах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.

Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын энэхүү бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэй гэж хүсэж байгаагаа илэрхийллээ.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно гэв. Мөн шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАРМАН ШАНМУГАРАТНАМ-Д БАРААЛХЛАА

зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш болох Сингапур Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдгөө цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж буйг сайшаан тэмдэглэж, цаашид Сингапур Улсаас Төрийн орон сууцжуулалтын туршлага, загвараас суралцаж, Монгол Улсын нөхцөл байдал, газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологи, менежментийг нутагшуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх боломжийг судалж, аялал жуулчлал хөгжүүлэх замаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар санал солилцов.

Эх сурвалж: ЗГХМОНХХ

Холбоотой мэдээ