Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулга уулзалт “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн хүрээнд нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд буюу яг энэ долоо хоногт үргэлжилж байна. 2024 оны 54 дэх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад 120 орны 2,800 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулганаар авч хэлэлцэх гол сэдвүүд нь дайны нөхцөл байдалтай байгаа Газ болон Украин юм. Үүний зэрэгцээ ойрын өдрүүдэд сонгууль явуулж эх газрын Хятадтай зөрчил нь хурцдаад байгаа Тайвань болоод хиймэл оюун ухаан энэ удаагийн уулзалтын голлох сэдэв байна гэдгийг эдийн засгийн шинжээчид хэлж байна.
Орос-Украины дайн, Израиль-Палестины Хамас бүлэглэлийн дайн болон Бээжин-Тайваний зөрчил зэрэг геополитикийн хямрал хурцдаад байгаа нь хэдийн ганхаж эхэлсэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг улам бүр дордуулж болзошгүй гэж Давост цугласан эдийн засагчид, бизнес эрхлэгчид, улс төрийн зүтгэлтнүүд үзэж байна. Эдгээр геополитикийн асуудал нь ковид-19 цар тахлын улмаас амьдралын өртөг зардал нэмэгдсэн дөрвөн жилийн дараа эдийн засаг эргэн сэргэнэ гэсэн итгэл найдварыг үгүй хийж болзошгүй хэмээн эмээж байгаа юм.
Түүнчлэн хиймэл оюун энэ жилийн Давосын чуулганд жин дарах сэдэв болж байна. Олон улсын валютын сангийн шинжээчдийн хийсэн шинэ тооцооллоор хиймэл оюун ухаан дэлхий дээр байгаа нийт ажлын байрын 40 хувийг булаах бөгөөд энэ нь тэгш бус байдлыг улам дордуулна гэж үзжээ. Олон улсын валютын сангийн менежмент хариуцсан захирал Кристалина Жеоржиева бодлого боловсруулагчид технологийн дэвшлээс үүдэлтэй хямралыг нухацтай авч үзэхийг уриалж байна.
Түүний үзэж байгаагаар хиймэл оюун нийт ажлын байрын 40 хувийг үгүй хийснээр ердөө 60 хувь нь ажлын байраа хадгалж үлдэх аж. Хүмүүсийн хийх ажлын бараг тал хувийг хиймэл оюун булааснаар хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ буурах, цалингийн хэмжээ өөрчлөгдөх, тэр ч бүү хэл ажлын байрыг бүрэн устгах эрсдэлтэй тулгарч байна.
Мөн хиймэл оюун орлого багатай, буурай хөгжилтэй орнуудад ажлын байрын 26 хувьд нь нөлөөлж чадна гэжээ. Үүний ард бага орлоготой, эсвэл ахмад ажилтнууд орхигдоно гэдгийг сэрэмжлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй