Давосын чуулга уулзалт эхэллээ

2024-01-16 125 0

ДАВОС, 2024 оны нэгдүгээр сарын 16 /NHK/. Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ. Тус чуулганы үеэр Украин, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн болон дэлхийн дахинд тулгамдаж буй бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад 120 улс орон, бүс нутгийн засгийн газрын төлөөлөгчид, бизнесийн салбарын манлайлагчид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 2800 гаруй төлөөлөгчид оролцож байна. Дэлхий дахин тодорхойгүй байдалтай тулгараад байгаа энэ цаг үед талууд “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор хуралдах юм.

Чуулга уулзалт даваа гаргаас баасан гараг хүртэл үргэлжилнэ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт үг хэлж, Оростой хийж буй дайнд Украиныг үргэлжлүүлэн дэмжихийг хүсэх төлөвтэй байна. Мягмар гарагт мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлнэ.

Израил, ХАМАС-ын хооронд үргэлжилж буй дайн мөн хэлэлцэх асуудлуулын жагсаалтад орсон байна. Уг мөргөлдөөнийг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Катарын сайд нар болон Ойрхи Дорнодын бусад орнуудын төлөөлөгчид мөргөлдөөнийг хэрхэн зогсоох асуудлыг лхагва гарагт хэлэлцэнэ.

Чуулганы сүүлчийн өдөр буюу баасан гарагт болох уулзалтуудаар дэлхийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэнэ. Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард болон холбогдох албаны төлөөлөгчид инфляцыг тогтоон барих зорилгоор өнгөрсөн онд бодлогын хүүг хэд хэдэн удаа өсгөсний дараах дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэх ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ