“Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалт

2024-01-16 140 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг тэмдэглэв.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, монголчуудын өвчлөл, эндэгдлийн гол эрсдэлт хүчин зүйл, суурь шалтгааныг тогтоох, түүнийг багасгахад судалгааны үр дүн чухал гэдгийг онцоллоо.

Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, арга хэмжээ болон нөлөөллийн ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явцыг дүгнэх, ойрын болон урт хугацааны үр дүнг тооцохдоо эрдэмтэн, судлаачдын оролцоо, туршлага, шинжлэх ухааны мэдлэг, инновацад тулгуурлаж байна.

Тухайлбал, Монгол Улсад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.4 жил богино насалж байгаа нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүдсэн илүүдэл жин, архи, тамхины зохисгүй хэрэглээнээс шалтгаалж байгааг олон судалгаагаар тогтоосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор 43 дугаар зарлигийг гаргаж, архины хатуулгийг жил бүр бууруулах, онцгой албан татварыг нэмэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн ажлыг өргөн далайцтай хэрэгжүүлэх, донтох эмгэгийн үед үзүүлэх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм.

Зарлигийн хүрээнд хэрэгжүүлсэн эрх зүйн шинэчлэл нь иргэдийн эрүүл мэндийг хохироож байгаа согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулах, монгол хүн урт насалж, чанартай амьдрахыг нь дэмжсэн бодлогын томоохон шинэчлэл болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан хэллээ.

Тодруулбал, 2023 оны эхний найман сарын байдлаар импортоор орж ирсэн хатуулаг өндөртэй архины хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан юм. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.

Мөн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын баг 2020 оноос АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд, ялангуяа Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоонд өөрчлөлт оруулах, жишиг төсөл хэрэгжүүлэн, түүнийхээ үр дүнд тулгуурлан үндэсний хэмжээнд хөдөлгөөнөө хэрэгжүүлэх зарчмыг баримталж байгааг онцолж, зөвлөлдөх уулзалтад амжилт хүсэв.

Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, Дэлхийн Тамхины хяналтын судалгааны төвийн захирал Ваун Риис, ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн өгөгдлийн стратеги, инновацын захирал Пак Кидонг нар оролцлоо.

Холбоотой мэдээ