Нүүрс тээврийн С зөвшөөрлийн цаана нуугдсан хахуулийн гэмт хэрэг хэрхэн явагдсаныг харуулсан нэвтрүүлгийг АТГ-аас албан ёсны цахим хуудсаараа нийтэд цацжээ. С зөвшөөрөл олгох нэрийдлээр халаасаа түнтийлгэх гэсэн албан тушаалтнууд хэрхэн дураараа аашилж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байсан талаарх шүүхээр шийдэгдсэн нэгэн хэргийг онцолсон байна.
Нэвтрүүлэгт дурдсанаар 2017 онд нэр бүхий компанийн захирал Б нь БНХАУ-аас ачаа тээврийн машинууд оруулж, ирсэн бөгөөд нүүрс тээврийн С зөвшөөрлийг гаргаж чадахгүй байгаа учир эрх мэдэл бүхий хүнд хахууль өгөөд авах аргыг сураглаж байсан тухай мэдээллийн мөрөөр мөрдөгч ажиллажээ.
Захирал Б нь өөр нэг компанийн захирал Х гэгчтэй найз, нөхдийн холбоотой. Х нь АТҮТ-ийн хэлтсийн даргатай холбоотой учраас түүгээр дамжуулан хахууль өгч, С зөвшөөрөл авч болохыг Б олж мэдсэн байна.
Б нь Х-гээр дамжуулан 100 гаруй С зөвшөөрөл хүсжээ. Ингээд АТҮТ-ийн хэлтсийн дарга Б нь 2017 оны наймдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд захирал Х-гээр дамжуулан 57.5 сая төгрөгийн хахуулийг авч байгаа нь баримтжуулагджээ. Харин компанийн захирал Х нь бусдад хахууль зуучилсныхаа хариуд таван сая төгрөгийг захирал Б-ээс авч байсан болохыг нэвтрүүлэгт дурдсан байна.
Үүнээс гадна хэлтсийн дарга Б нь БНХАУ-ын иргэний мэдлийн компанид 200 гаруй С зөвшөөрөл авч өгөхийн тулд хахууль авч байгааг мөрдөгч баримтжуулжээ. Тэрбээр уг иргэнтэй WeChat-аар холбогддог байсан бөгөөд тухайн үеийн ханшаар 150,000 юань буюу 56.7 сая төгрөгийн хахуулийг авахаар тохиролцжээ. Хахууль өгөгч тал их хэмжээний гадаад улсын валютыг бусдаар тээвэрлүүлэн ББСБ-ыг ашиглан өгснөөр гэмт хэргийг илрүүлэхэд ээдрээтэй байсан болохыг мөрдөгч дурдав.
ВИДЕО:
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
0 cэтгэгдэлтэй