Б.Батцэцэг: Зорилго, очих байр, буцах хугацаа, урьсан хүмүүсээ мэдэхгүй тохиолдолд иргэдийг БНСУ-ын тал буцааж байгаа

2024-01-12 233 0

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд, НҮБ-ын байнгын төлөөлөгч нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай холбоотой асуултыг асуулаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Жилийн өмнө БНСУ-ын Элчин сайдаар н.Энхбат гэдэг хүнийг оруулж ирсэн. Өнөөдөр С.Сүхболдыг томилохоор хэлэлцэж байгаа шалтгаан нь юу вэ. Сүүлийн үед БНСУ-руу зорчих виз авсан иргэд хил дээр очиход болохгүй гээд буцаагаад явуулж байна. Иймэрхүү зүйл яагаад гарч байгаа вэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Өмнө нь нэр дэвшиж байсан н.Энхбат гэдэг хүн хувийн шалтгаанаар татгалзсан. БНСУ-д ганцхан Монгол биш бусад орноос 450 мянга орчим иргэн хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг.

Тус улсын Хууль зүйн яамны шийдвэрээр хууль бус иргэдийг 50 хувь бууруулах ажлын хүрээнд 2023 онд шалгалтыг эрчимжүүлсэн. Хилээр нэвтрэх хэсэг дээр шалгалтыг чангаруулсан.

Зөвхөн Монгол Улсын иргэдийг буцаагаагүй. Хууль бусаар оршин суудаг иргэдийг ижилхэн буцааж байгаа. Бид Солонгосын талтай энэ асуудлыг ярилцаж байгаа бөгөөд нэгэнт виз олгосон бол оруулах чиглэлээр ажиллаж байна.

Солонгосын талаас хууль дүрэмд нийцэхгүй зөрчил гаргасан, зорчиж буй зорилго, очих байр буудал, буцах хугацаа, урьсан хүмүүсээ мэдэхгүй, шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, визийн мэдүүлсэн мэдүүлгээсээ зөрсөн тохиолдолд буцааж байгааг хэлсэн.

Гадаад Харилцааны Яам, Консулын хэлтэс, хоёр улсын Элчин сайд яам иргэдэд цаг тухайд нь тодорхой мэдээллийг өгч байгаа.

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэр дэвшигч С.Сүхболд: Солонгост манай улсын 54,394 иргэн байгаа талаар тус улсын хууль зүйн яамнаас мэдээлсэн. Миний бие Элчийн сайдаар томилогдвол Монгол иргэдийн хүүхдүүд сурч байгаа сургуулийг дэмжих чиглэлээр ажиллана.

Солонгос улс хөдөлмөрийн гэрээний квотыг 3,000-5,000-д хүргэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн боловсон ажиллах хүчнийг ажиллуулах тал дээр анхаарна.

Холбоотой мэдээ