Пүрэв гарагт ОХУ-ын гурав дахь том хот болох Новосибирск хотод дулааны шугам хагарч, гудамж талбай халуун усаар үерлэжээ.
Үүний улмаас 100 гаруй орон сууц халаалтгүй болсныг хотын захиргаа мэдээлсэн байна.
Халуун ус гудамж талбай, орон сууцнуудын дундуур урсаж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд таржээ.
“Дулааны шугамын гэмтлийг засварлахын тулд Ленинский дүүргийн орон сууц, нийтийн байгууламжуудын халаалт, халуун усны хангамжийг таслаад байна” гэж хотын захиргаа мэдэгдсэн байна.
Хязгаарлалтад 104 нийтийн орон сууц болон амины орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн өмчийн 13 барилга хамрагджээ.
Нийтдээ 237 барилга төвийн халаалтын системээс салсныг Новосибирскийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Олег Клемешов орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Гэмтэл гарсан дулааны шугамыг 1974 онд байгуулж байжээ.
Новосибирск хотод өчигдөр агаарын температур Цельсийн -20 хэмээс доош хүрч хүйтэрсэн юм.
Томоохон гэмт хэргүүдийг хариуцдаг ОХУ-ын Холбооны Мөрдөн Байцаах Товчоо аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхийг шалгаж эхэлжээ.
Өмнөх өдөр нь Алс Дорнодын Владивосток хотод үүнтэй ижил гэмтэл гарсны улмаас халуун усаар үерлэсэн юм.
Шинэ он гарснаас хойш ОХУ даяар олон хотод хуучирч муудсан дэд бүтцүүдэд гэмтэл гарч, олон мянган хүн өвлийн ид хүйтэн цагаар халаалтгүй болоод байна.
Эх сурвалж: The Moscow Times
0 cэтгэгдэлтэй