Ч.Ганхуяг: ДЭЗЧ-д оролцох Монголын төлөөлөгч Microsoft, Tesla, Google компаниас хөрөнгө оруулалт татах уриалгыг явуулах хэрэгтэй

2024-01-11 126 0

МҮХҮАТ, Америк-Монголын худалдааны танхим, Европын худалдааны танхим болон бусад бизнесийн байгууллагын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.

Монголын Эдийн Засгийн Форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулах хууль батлагдахаар УИХ-д орлоо.

Бизнесүүд, баялаг бүтээгчид, ажил олгогчдыг нэг дээвэр дор нэгтгэн төлөөллүүд нь иргэддээ нээлттэй хандаж байгаа тохиолдол өнөөдөр болж байна.

Бид хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж, батлах нь Монголын язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэж байна.

Монгол Улс дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. Өрсөлдөх чадвар байгаа улсад хөрөнгө оруулалт илүү их орж ирдэг.

Хөрөнгө оруулалтыг татахын тулд бусад улс ямар нөхцөлийг санал болгоод буйг сайн судалж байж хөрөнгө оруулалтын орчныг гаргах хэрэгтэй. Татварын орчин маш чухал.

Хүмүүс орж ирээд шинэ технологи танилцуулах, ажлын байр бий болгох үед хөдөлмөрийн хууль нь бизнес эрхлэхэд өрсөлдөх чадвартай байх, оршин суух орчин нь таатай байх талын ажлуудыг цогцоор нь харж, хөрөнгө оруулалтын асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдрийн хуулийн төсөл эхний алхам.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг авахын тулд Сингапур, Москва, Хонконг, Шанхай, Бээжин, Нью Йорк, Лондонтой өрсөлдөж буйгаа зарлаад, мөнгөө хаашаа хийх вэ гэж бодож байгаа хүмүүст Засгийн газраас зарласан Go Mongolia шинэ уриан дор хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлнэ гэж бодож байгаа.

ДЭЗЧ-д Монголын төлөөлөгч очоод гаднын хөрөнгө оруулагчдад болон  Microsoft, Tesla, Google зэрэг томоохон компанид манай улс хөрөнгө оруулалтын хуулиа баталсан гээд цахилгаан станц барьж, дата төвөө бий болгооч, бид хүний нөөцөө бэлдье.

Бид танай талын хүмүүсийг таатай нөхцөлөөр буюу бага татвараар гэр бүлийнх нь хамт Монголд амьдруулъя, зэс, алтаа гаргая, та нар хөрөнгийн зах зээл хөгжүүлэхэд, сургууль, цэцэрлэг барих, гэр хорооллоосоо салах, хотыг хөгжүүлэхэд туслаач гэдэг уриалгыг явуулах ёстой.

Энэ ташрамд хэлэхэд Монголын Эдийн Засгийн Чуулган долдугаар сарын 8, 9-нд болно” гэв.

Холбоотой мэдээ