Г.Занданшатар: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбоотой МоАХ-ны шаардлагыг намын бүлгүүдэд танилцуулж, арга хэмжээ авна

2024-01-10 135 0

Улсын Их Хурал(УИХ) дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлгийн гишүүдийн хүсэлтээр УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар АН-ын бүлгийн гишүүд болон АН-ын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг УИХ-ын даргад гардууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв.

Тэрбээр газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэд, олон нийтээр сайтар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн хуулийн төсөлтэй холбоотой гаргасан УИХ-ын гишүүдийн хүсэлт, МоАХ-ны шаардлагыг УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ