Сэлбэ голын халиа дошин өдөр бүр нэмэгдэж, дулааны шугамд хүрчээ. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан тайлбар өглөө.
“УБДС ТӨХК-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн биш гэсэн тайлбар хийгээд явлаа. Өөрөөр хэлбэл дулааны шугамд аюулгүй гэдгийг хэлсэн” гэв.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж байна.
Уг голын дулааны шугамтай хэсэгт голын ус хөлдөхгүйгээс түвшин дээшилж байна. Сэлбэ голын зүүн талын эрэг дагуу халиа үүссэн түвшнээс дээш үерийн хамгаалалтын хоорондын зай 1.5-1.6 м байна. Өмнө нь энэ хэсэгт халиа тошин үүсэж байгаагүй.
Дулааны шугам гүүрэн байгууламжийн доор хийгдсэн болохоор халиа үүссэн хэсэгт уур савссан байдалтай байна. “УБДС ТӨХК”-ийн ажилтнууд уг хэсэгт үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн биш гэсэн тайлбар хийгээд явлаа. Өөрөөр хэлбэл дулааны шугамд аюулгүй гэдгийг хэлсэн.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сэлбэ голын хоёр байршилд зарим ААН ус шахаж байсныг зогсоож, хоолойг авсан.
Мөн зун хур бороо их орсноос Сэлбэ голын усны хэмжээ их байгаа. Сэлбэ дэд төв, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хөрсний ус зайлуулах шугамын ус нэмэгдэж орж ирж, халиа тошин үүсэж байна.
Голын усны халиа тошин гуравдугаар сарын 20-д хүртэл үргэлжилдэг. Дулаарахаар голын ус доороосоо гэсдэг.
Мөсний зузаан голын баруун хэсэгт хоёр метр орчим, зүүн талд 1.5 метр орчим байна.
Сэлбэ голын ойролцоох айл өрх, ААН-үүдийг усанд автуулахгүйн тулд сувагчилж усыг урсгах, усыг дээшээ түрж хөлдөөх ажлууд хийгдэж эхэлж байна.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 140 гаруй ажилтан цаг тухай бүрд ажиллаж, халиа тошин үүссэн хэсэгт машин механизмаар сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгох ажлыг хийж байна.
НЗДТГ, УБЗАА-ны зүгээс машин механизм цөөн байгаа учир нэмэгдүүлэхээр 3,500 экскаватор захиалсан. Цагаан сараас өмнө авна.
2020 онд дугуйт 210 экскаватор шийдвэрлэж өгсөн. Манай байгууллагад одоогоор 30 орчим техник хэрэгсэл байгаагийн хоёр гинжит трактор халиа тошин үүссэн хэсэгт ажиллаж байна.
Нийслэлд халиа тошин үүссэн хамгийн эрсдэлтэй хэсэг Дэнжийн мянгын гуравдугаар суваг буюу 32-ын гүүрний хойд, Шунхлай ШТС-ээс дээш хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Толгойтын үерийн хамгаалалтын суваггүй хэсэгт үүссэн халиа тошинг багасгах ажлууд хийгдэж байна.
Үүнээс гадна Бэлх, Сэлх, Гүнжийн гол дагасан халиа тошин үүсээд байна.
Жил бүр голын халиа тошингоос урьдчилан сэргийлэхэд 300 сая төгрөгийг төсөвлөж, ажлууд хийгддэг” хэмээн мэдээллээ.
Улаанбаатар хотод 2020 онд 18 байршилд халиа үүсэж, Олонбулагтай гээд Шархадны эмнэлгийн доод булгаас их хэмжээний халиа үүсэж, хувийн сууцны цонхны дээд хэсэг хүртэл усанд автан хөлдөж байжээ.
Харин өнөөдрийн байдлаар нийслэлд 10 гаруй байршилд халиа тошин үүссэн байна.
0 cэтгэгдэлтэй