Мексик улсын төв бүсийн Мичоакан мужид нэгэн гэмт хэргийн бүлэг утасгүй интернэтийн өндөр үнэтэй үйлчилгээ нээж, нутгийн иргэдэд хүчээр тулгасан хэрэг гарсныг прокурорын алба өчигдөр мэдээлжээ.
Тэд хулгайн замаар олж авсан антенн, тоног төхөөрөмжөө тус мужийн хэд хэдэн хот тосгонд суурилуулсныг хэвлэлүүд “нарко антенн” гэж нэрлэсэн байна.
Гэмт этгээдүүд нийтдээ 5,000 орчим нутгийн иргэнд сарын 400-500 песогийн ($25-$30) хураамжтай үйлчилгээ үзүүлж байсныг олж тогтоосноо Мичоакан мужийн прокурорын газар мэдээлжээ.
Энэ нь тэд сар бүр $150,000 орчмын тогтмол орлоготой болсон гэсэн үг юм. Үйлчилгээний гэрээ байгуулахаас татгалзсан иргэдийн амь насанд заналхийлж байсныг мөрдлөгийн явцад илрүүлжээ. Гэхдээ энэ бизнестэй холбоотой хүний амь нас үрэгдсэн тохиолдол хараахан бүртгэгдээгүй байна.
Интернэт үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд “Los Viagras” нэртэй бүлэглэл болохыг орон нутгийн хэвлэл олж мэдээлсэн байна.
Харин прокурорын алба мөрдлөг үргэлжилж буй тул гэмт хэргийн бүлгийн нэрийг хэлэхээс татгалзжээ.
Ямартай ч нэр дурдсан бүлэглэл дээрх интернэт үйлчилгээнд хамрагдсан хот тосгодод түлхүү үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой юм байна.
Өнгөрсөн долоо хоногт хууль хүчнийхэн гэмт хэргийн бүлэглэлийн суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг хураажээ. Энэ үеэр нэг сэжигтнийг баривчилсан байна. Хураагдсан тоног төхөөрөмжүүд нь Мексикийн тэргүүн баян Карлос Слимийн эзэмшдэг Telmex компанийн нэр логотой байсан гэнэ.
Мексикийн картелууд өөрийн дотоод харилцаа холбоог хяналтаас ангид байлгахын тулд орчин үеийн технологи ашигласаар ирсэн.
Гэхдээ олон нийтэд үйлчилгээ үзүүлж, бизнес хийх нь сүүлийн үед ажиглагдах болсон шинэ хандлага ажээ.
Тухайлбал Мексикт бүртгэгдсэн 200 орчим зэвсэгт бүлэглэлүүд
сүүлийн үед зөвхөн хар тамхины бизнес эрхлэхээ больж, үйлдвэрлэл, үйлчилгээний аль нэг салбарт монополи байр суурь эзлэхийг зорих болсныг Crisis Group байгууллагын Мексикийн шинжээч Фалко Эрнст баталж байна.
Зарим картелууд өдөр тутмын бараа бүтээгдэхүүн, импортын бараанаас татвар авч, Мичоакан мужийн гол аж ахуй болох авокадогийн тариаланд оролцох болсон гэнэ.
Уул уурхайн бизнест ч бас гар дүрэх болсон баримт байна.
“Энэ нь тэдний хувьд шинэ тоглоомын талбар болсон. Үүнд ямар ч хязгаарлалт байхгүй. Хүчирхийллийн аргаар бизнесээ өргөжүүлдэг болсон. Хар тамхи тэдний цорын ганц бизнес байхаа больж байна” гэж Эрнст ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
0 cэтгэгдэлтэй