Төлбөр тооцооны асуудлын улмаас Оросын газрын тос тээвэрлэгч хөлгүүд ачаагаа буулгаж чадалгүй Энэтхэгийн эргээс буцсан тухай Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.
Тухайлбал Сокол төрлийн газрын тос ачсан таван хөлөг нэг сар орчим хугацаанд Энэтхэг, Шри Ланка улсуудын боомтод саатсаны дараа зүүн зүгт Маллакын хоолойн чиглэлд хөвж эхэлсэн байна.
Оросын бас нэг тээвэрлэгч “NS Century” хөлөг ачаагаа буулгаж чадалгүй сүүлийн нэг сар гаруй хугацаанд Шри Ланкын эрэгт зогсож байгаа ажээ.
Энэтхэгийн газрын тос боловсруулах компаниуд төлбөрөө Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) үндэсний валют дирхамаар гүйцэтгэх болсноос ийм асуудал үүссэн тухай холбогдох эх сурвалж мэдээлсэн байна.
Оросын төрийн өмчит Роснефть компани Өрнөдийн эдийн засгийн хоригийн улмаас АНЭУ-д данс нээх боломжгүй болсонтой энэ нь холбоотой гэнэ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар Оросын долоон удаагийн газрын тосны тээвэрлэлтийн төлбөрийг Энэтхэгийн тал гүйцэтгэж чадаагүй байсныг Ройтерс агентлаг саяхан мэдээлсэн юм.
2023 оны сүүлээр АНУ-ын засаг захиргаа Энэтхэг улсад газрын тос нийлүүлэхдээ баррель тутмын үнийн дээд хязгаарыг зөрчсөн “NS Century” тээвэрлэгчийг хар жагсаалтдаа оруулж байв.
Украины дайныг санхүүжүүлэхэд нь бэрхшээл учруулах зорилгоор Оросын газрын тосыг худалдаж авахдаа баррель тутмын үнийг $60-аас дээш хэтрүүлэхгүй байх хязгаарыг АНУ эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ хүрээнд тавьсан юм.
2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш Орос улс бараг бүх газрын тосоо Хятад, Энэтхэг улсуудад экспортлох болсон.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхий сайдын орлогч тус улсын Энэтхэгийн газрын тосны экспорт төлбөртэй холбоотой бэрхшээлийн улмаас арванхоёрдугаар сард бараг зогссон тухай хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Bloomberg
0 cэтгэгдэлтэй