Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгажээ.
Энэ талаар Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.
- Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оноохоор болж байна.
- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
- Ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна.
- Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.
- Хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.
- Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасах, 2-8 жилээр хорих ял оногдуулна.
- Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна.
0 cэтгэгдэлтэй