Баянзүрх дүүрэгт Түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч рүү дуудлага өгсөн айлын хүн согтуу хоёр гартаа хутга барьж дайрсан хэрэг гарчээ. Эмч амь гарахын тулд цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан байна. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн санал гомдол хариуцсан хэлтсээс тодрууллаа.
-БЗД-т дуудлагаар очсон эмч цонхоор үсэрч баруун хөлөө хугалсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танайд бүртгэгдсэн мэдээлэл байгаа болов уу?
-Тийм зүйл болсон.
-Тухайн эмчийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Баруун хөл нь хугарсан. Ажлаа хийж яваад гэмтсэн болохоор одоо акттай байгаа. Яг нарийн учрыг нь мэдэхгүй байна. Гэхдээ ийм үйл явдал болсон нь үнэн.
-Гурван давхраас үсэрсэн гэдэг мэдээлэл байна. Үнэн болов уу?
-Нэг давхрын айл байсан. Түүнээс олон давхар байсан бол тэр хүн юу тэндээс юу гэж үсрэх вэ дээ. Бүр баларсан юм болно шүү дээ. Тухайн иргэн согтуу байсныг бид мэдэхгүй. Эмчтэйгээ биечилж уулзаагүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудал. Өөрийн биеэр хараагүй болохоор согтуу байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан хутга гаргаж ирээд эмч рүү дайрсан нь үнэн.
-Дуудлагаар очсон эмч нар иймэрхүү байдлаар халдлагад хэр өртдөг вэ?
-Ийм тохиолдол бараг анх удаа гарч байна. Хэл амаар доромжлох, гар хүрэх тохиолдлууд мэр сэр гардаг. Тиймээс бид эмч нараа жолоочидтой нь хамт айл руу оруулдаг. Шөнө оройн цагаар хаяг байршил тодорхойгүй газар очно. Эмч нар гэж дандаа жаахан жаахан охид эмэгтэйчүүд байгаа шүү дээ.
-Тухайн эмчийг эрэгтэй эмч байсан гэсэн?
-Тийм эрэгтэй эмч.
-Одоо тухайн эмч эмнэлэгт байгаа юу?
-Эмнэлгээс гараад гипстэй гэрээр эмчилгээ үргэлжилж байгаа.
0 cэтгэгдэлтэй