Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдоржид “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол олголоо

2023-12-28 260 0

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойг тохиолдуулан төрийн тусгай байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол олголоо. Гавьяат хуульч, бэлтгэл хурандаа П.Бадамдорж нь улсад 30 жил ажилласнаас 26 жилд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад ажилтан юм. Тэрбээр улс орон төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжих үед хорих байгууллагын эдийн засаг, санхүүгийн асуудал, хүмүүжигчдийн ажлын байр, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “Хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулсан билээ. Мөн төв, орон нутгийн хорих ангийн даргаар ажиллаж байхдаа хоригдлын хүч, нөөц бололцоог нийгмийн туст хөдөлмөрт зөв зохион байгуулалттайгаар ашиглаж, “Баянзүрх” дэх ногооны зоорь, “Хүрэлтогоот”-ын мөсөн зоорь, “Толгойт”-ын хүнсний агуулах зэрэг томоохон барилга байгууламжийг бүтээн байгуулж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын иргэдийг жилийн дөрвөн улиралд хүнсний бүтээгдэхүүнээр найдвартай хангах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Холбоотой мэдээ