Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК) жил бүрийн эхний улиралд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлаарх илтгэлийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барьж, хэлэлцүүлдэг.
Үүнд олон төрлийн сэдвийг бодит жишээ, судалгаа, дүгнэлттэй оруулсан байдаг нь УИХ-ын түвшинд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллагуудад гол эх сурвалж болдгоороо онцлогтой.
Ирэх онд ХЭҮК 23 дахь илтгэлээ танилцуулах бөгөөд үүнд ямар сэдвүүд багтах талаар өчигдөр Хүний эрхийн төлөөх сэтгүүлчдийн клубийн гишүүдэд мэдээлэл өгөв.
Тодруулбал уг илтгэлд өвлийн утаа, зуны үер, түгжрэл, явган хүний зам талбай дутмаг гээд олон асуудал дунд амьдарч буй нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар анх удаа хөндөн оруулах гэж байна.
Түүнчлэн боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлын хүрээнд сурах орчин, дотуур байр, үе тэнгийн дээрэлхэлт, багш нарын ачаалал, цалин хөлс гэх зэргээр цогцоор нь судлан нэг бүлэгт багтаах аж.
23 дахь илтгэл нь
- Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт
- Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
- Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал
- Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал
- Иргэний нийгэм болон байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт
- Хүүхдийн эрхийн зарим асуудал (Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрх)
- Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх зэрэг 7-8 бүлэгтэй байхаар төлөвлөгдөж, ХЭҮК-ын гишүүд хариуцсан хүрээндээ судалгааны ажлуудаа хийж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй