Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын хөгжлийг түргэсгэхийн тулд ирэх оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болголоо

2023-12-27 204 0

Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгох шийдвэрийг гаргажээ.

Энэ талаад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аас баталсан байдаг. Үүнээс хойш 22 жилийн хугацаанд яг бодит арга хэмжээ авагдсангүй.

Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Улаанбаатар хотод нийт хүн амын 47%, хөдөө 53%, худалдаа үйлчилгээний 80% нийслэлд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний/ДНБ/ 63% нь Улаанбаатарт бий болдог. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатарт хөгжил явагддаг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа цаг үе.

Нэг газар олуулаа төвлөрөхөөр утаа, замын түгжрэл агаар, хөрсний бохирдол үүсдэг. Иймээс иргэдийн орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжлийг түргэсгэхийн тулд бүсчилсэн хөгжлийг нэвтрүүлэхээр боллоо.

Өмнөх судалгаануудыг харахад сонгуулийн бүстэй ижил төстэй гарч буй. Баян-Өлгий аймгийг тусад нь салгаж бүс болгосон нь хүн сонгогдохгүй байх эрсдэлтэй гэж үзсэн. Эдийн Засгийн Хөгжлийн Яамны бүсэд тус аймгийг баруун дөрвөн аймагтай хамтад нь авч үзэж байгаа.

Эдийн засгийн бүсээрээ зарим аймаг аль ч тал руугаа орох магадлалтай.

Яамнаас бүсийн дунд нэгийг нь төв гэж онцлох нь буруу гэж үзэж байгаа. Аймаг бүр өөрийн нөөц, онцлогтой учир түүнийг нь дагаж хөгжүүлэх юм.

Бүсчлэлийн хөгжилд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдэнэ. Мөн хөрш орнуудтай хамтарч ажиллахад анхаарна. Тухайлбал ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн хөгжиж байгаа бодлоготой уялдах чиглэлээр хамтарч ажиллах юм.

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр бүс нутгийг хөгжүүлэх нь өрөөсгөл. Боомт, эрчим хүч, авто замын хөгжилтэй холбоотой хөгжлийн санхүүжилтийг төрөөс гаргана” хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ