2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр танилцууллаа.
Он гараад хэрэглээний зээлийг хязгаарлах нь иргэдийн амьдралд яаж нөлөөлөх талаар болон гол шалтгааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс сэтгүүлчид тодруулсан юм.
Тэрбээр хариулахдаа “Статистик үзүүлэлтээс харвал оны эхнээс зээлийн өсөлт 15 хувь орчим өсөж байгаа. Энэ нь сайн өсөлт мэт, банкны салбараас санхүүжилт сайн гараад байгаа юм шиг мөртлөө дотор нь хуваавал
- Бизнесийн зээл -1 хувь
- Хэрэглээний зээл -30 хувь өссөн байна.
Хэрэглээний зээл буюу цалин, хадгаламж, тэтгэвэр барьцаалсан зээл нь маш өндөр өсөлттэй байгаа. Үүнийг саармагжуулах талаас нь Монголбанк бодлогоо авч эхэлсэн.
Өр орлогын харьцаа буюу нийт орлогынх нь хэдэн хувьд нь зээл олгох боломжтой вэ гэдэг харьцаа байдаг. 40/60-н харьцаа буюу таны олж байгаа орлогын 60 хувьд нь зээл олгох харьцааны үзүүлэлтээр явдаг. Мөн банкнаас авахаас илүүтэй банк бус байгууллагаас зээл авч яваа хандлага байгаа. Банк бус байгууллагын зээл олголт маш өндөр хувиар өсөж байгаа.
Монголбанкны зүгээс үзэхдээ зээл гаргах нь мэдээж хэрэг зөв гэхдээ тэр хэмжээгээр өр нэмэгдэнэ. Өрх өрөө нэмэгдүүлж байгаа нь эрсдэл үүсгэдэг. Тэр эрсдэлийг томруулахгүй байхад төрийн бодлого байх ёстой.
Нөгөө талдаа бизнесийн зээл олдохгүй байвал бизнес томрохгүй, тэгээд ажлын байр нэмэгдэхгүй. Тэгэхээр бизнесийн зээлийг дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлж, эргээд өрхийн орлогыг сайжруулна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй