Ай.Төмөр-Очир: Газрыг монгол биш хятад хүн авдаг болсон. УИХ-ын гишүүд худал ярьдаг

2023-12-26 190 0

Д.Нацагдоржийн нэрэмжит болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолчид таван асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-д санал хүргүүлэхээр болсон байна.

Тус саналынхаа хүрээнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар шороо” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр зохиолчид өөрсдийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баяржаргал: Монголын зохиолчдын эвлэлд 1,500 гаруй хүн байдаг. Яруу найрагч, зохиолчид үгээ хэлэх цаг болжээ. Бид 35 жил чимээгүй явсан. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой удахгүй тохиох гэж байгаа. Энэ баярыг тохиолдуулж үзэл бодлоо төрийн дээд албан тушаалтнууддаа илэрхийлэхээр боллоо.

Үндэстэн оршихын хамгийн том баталгаа бол газар шороо байдаг. Монгол Улс оршин тогтноход хэдхэн үндэс байдаг. Үүнд улс төрчид, бизнесмэнүүд, төрийн албан хаагчид, дайснууд гэсэн дөрвөн зүйл багтана.

Бид ҮАБЗ-д өгөх бичигтээ дараах асуудлуудыг тусгасан. Үүнд нэн даруй дээд бэлгэдлийн хуультай болох. Жишээлбэл хар цагаан сүлд, өлзий болон хас хээ гэх мэт. Дээд бэлгэдлийн хууль нь Үндсэн хуулийн дээр байрлаж байдаг.

Хоёрдугаарт бага дунд ангийн боловсролын талаар өргөн барина. Хүүхдүүд гадаад хэлээр ярьдаг болсон. Бага дунд боловсролын хуульд гадаадын хэлийг сургаж болно гэж оруулж ирсэн хүмүүсийг олох ёстой.

Сүүлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Кембрижийн боловсролыг оруулсан ирсэн. Эх хэл, өв уламжлалыг устгах боловсролоор та бидний үр хүүхдийг идэж дуусгах гэж байна. Монголыг даяаршуулах гэж байгаа юм.

Мөн Баян-Өлгий гэх аймгийг сонгуулийн нэг тойрог гэж байгаа. Бид нэгнийгээ ялгаварлан гадуурхаж болохгүй. Улсынхаа цөөнхүүдийг дэмжинэ гэвэл хэл соёл өөр хүмүүсийг тойрог болгох ёстой юу. Баян-Өлгий аймгийг баруун таван аймгийн тойрогт оруулах хүртэл үхтлээ тэмцэх болно.

Яруу найрагч Ай.Төмөр-Очир: Газрыг монгол биш хятад хүн авдаг болсон. УИХ-ын гишүүд худал ярьдаг. Харин иргэд үнэнийг хэлэх цаг ирсэн шүү. Ахмадууд улс орноо хамгаалахаар хүрээд ирээсэй. Бидний ард эх орон байна. Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймагт газар нутгаа зарж байна. Би эх орныхоо хилд хайртай.

“Монголчууд минь тарж байрла. Улаанбаатарт бүү шаваад бай” гэж зохиолч Л.Түдэв гуай хэлсэн. Үүнтэй ижил зах хязгаарыг маань харийнхан эзэлж байна. Газар нутаг гэдэг сүүлийн тусгаар тогтнол юм даа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жамьян: Монголын төр тэмбүү өвчинтэй болсон. Би тэмбүү өвчин бус төрийн ёс суртахууны талаар ярьж байна. Би ууланд төрсөн, анчин, малчин айлын хүүхэд. Үндэсний үзэлд газар, хэл гэсэн хоёр үндсэн зүйл байдаг. Бид монгол хэлээ мэдэхгүй болсон цагт хэн болох вэ.

Өнөөдрийн хууль цаазыг би ойлгодоггүй. Хүн алчхаад ял завшаад, улс дамжаад явж байдаг. Төрийн тэмбүүг эдгээхийн тулд зохиолчид үгээ хэлэх ёстой. Зохиолчид гэхээр нэг шил архи аваад өгье гэж ярьж болохгүй. Энэ төрийн оюун ухааныг сэргээх ёстой.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг зарж буй Засаг дарга нарыг Чингис хааны үед нохой шиг буудах байсан. Зохиолчид гуйлгачин биш. Уран зохиолоор энэ улсыг босгож болно.

Би Монголын хуулийн байгууллагаар 26 жил явсан. Хүний зүрх сэтгэлд нулимс байдаг бол би дуустал уйлсан. Миний хүүг алсан хүн одоо Швед улсад амьдарч байна.

Яруу найрагч н.Баярсайхан: Үндэстний үхэл сэхлийг уран зохиол шийддэг. Төрийн өндөр дээд албан тушаал болон УИХ-д нэр дэвшиж буй хүмүүс 5-7 үеийн намтраа ил болгох хэрэгтэй. Бид өрнөөс өрийн хооронд амьдарсаар 50 нас хүрлээ. Тиймээс үр хүүхдүүдийнхээ боломжийг алдахгүй байхын тулд төрд шингэсэн Хятадын эрлийзүүдийг шинэчлэх юм.

Тэгэхээр ДНК судалдаг төхөөрөмжийг мэргэжилтэнтэй нь хувийн эмнэлэгт оруулж ирэх хэрэгтэй. Үүний дараа хамгийн эхэлж УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар шинжлүүлэх хэрэгтэй. Хулгай хийдэг хүмүүсийн дансыг ил болго гэж орилоод ямар ч нэмэр байхгүй. Харин тэдний удмыг шилэн болгомоор байна.

Холбоотой мэдээ