Энэтхэгийн 300 гаруй иргэнийг тээвэрлэсэн тусгай үүргийн нисэх онгоцыг өнгөрсөн долоо хоногт Франц улсын нэг нисэх буудалд түр газардах үеэр саатуулсан тухай бид мэдээлсэн билээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсаас хөөрсөн Airbus A340 онгоц Төв Америкийн Никарагуа улсын нийслэл Манагуа хотын чиглэлд нисэж байсан юм.
Гэвч Францын зүүн хойд бүсийн Ватри нисэх буудалд шатахуун авах зорилгоор түр газардах үеэр хууль хүчнийхэн онгоцыг саатуулсан нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл авсантай холбоотой байжээ.
Никарагуа улс одоогоор АНУ-д цагаачлах зорилготой Ази, Африкийн орнуудын иргэдийн гол дамжин өнгөрөх зам болоод байгаа. Энэ онгоц нь Румын улсын захиалгат нислэг үйлддэг Legend Airlines компанийн өмч юм байна.
Тэгвэл Францын эрх баригчид онгоцны зорчигчдоос хоёр хүнийг баривчлан саатуулсны дараа Даваа гарагт ихэнх зорчигчдыг Энэтхэг рүү буцаажээ. Зарим зорчигчид Франц улсаас орогнол хүсэхээр үлдсэн байна.
Нийт 275 зорчигчтой онгоц Мягмар гарагийн шөнө Энэтхэгийн Мумбай хотод газардсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Онгоцыг яагаад Никарагуа руу үргэлжлүүлэн нисгэхийн оронд Энэтхэг рүү буцаасан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
0 cэтгэгдэлтэй