Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна

2023-12-25 199 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандан өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Эрхэм Монголчуудаа, хүндэт хөрөнгө оруулагчдаа, Олон улсын хамтын ажиллагааны эрхэм түншүүдээ, Монгол Улс өнөөдөр Самурай бондын 30 тэрбум төгрөгийн өр буюу 200 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн Банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан. Энэ бол монгол улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн нотолгоо юм.

Хөгжлийн Банкны засаглал мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн Банкыг сонгодог ЭКСИМ банк болгох эрх зүйн орчныг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн.

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж Монголчууд бид ярьдаг. Манай Засгийн газрын хувьд цар тахлын үе, мөн дайны цаг үед авлигатай тэмцэж, гадаад бондуудын өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа.

Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч ОУВС-гийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг хоёр сонголт байсан. Хөгжлийн Банк болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д авч хэрэгжүүлсэн авлигалын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монголчууд та бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа” хэмээв.

Оны эцэст анх удаа Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарах чиг хандлагатай байна. Өнөөдөр валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын өнөөдрийн төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшиндээ хадгалагдаж байгааг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэндээ дуулгахад таатай байна.

Цаашид эдийн засгийг нээлттэй ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх боломж, төлөвлөгөө байгаа.Өнөөдрөөс эхэлж эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна” гэв.

Холбоотой мэдээ