НИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнгөрсөн даваа гарагт /2022.11.28/ болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулжээ.
УИХ-ын чуулганаар төслийн хууль батлагдахдаа нийслэлийн 2023 оны төсвийн суурь орлого, зарлага болон улсад төвлөрүүлэх орлогыг зааж өгсөн юм.
2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна.
Ийнхүү нийслэлийн төсвийг боловсруулахдаа нийт 3,8 тэрбум төгрөгөөс эхлээд 200 сая төгрөгийн төсөвтэй 10 гаруй нэгж байгуулахаар тусгажээ. Эдгээр нэгж нь ихэвчлэн хотын өнгө төрхийг сайжруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Үүнээс олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа нэг төсөл бол Сэлбэ голын тохижилтыг сайжруулах төсөл юм.
Сэлбэ голын тохижилтыг сайжруулах төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж, иргэн Б.Цэцэгийн “Сэрүүн Сэлбэ” төсөл тэнцсэн байна. Ирэх онд Сэлбэ голын тохижилтыг сайжруулах төсөлд 3,1 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгажээ. Нийслэлээс хөрөнгө гаргаж Сэлбэ голыг тохижуулахаас гадна энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-аас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөөд байгаа аж.
Уг төслийг НИТХ-ын зарим төлөөлөгчид эсэргүүцэж, төслөө татахыг шаардсан ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төслийг татахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тэрбээр “Сэлбэ голыг сайхан болгоё гэж байгаа. Үүн дээр мөнгө төгрөг хуваарилсан гэж манай намаас улстөрийн зохион байгуулалттай дайрч байгаа. “Сэрүүн Сэлбэ” төслийг татан буулгахгүй” гэжээ.
Дунд голоос Дамбын гүүр хүртэлх тохижилтыг сайжруулах “Сэрүүн Сэлбэ” төслийн зохицуулагчаар Б.Цэцэг есдүгээр сард томилогдсон байна.
0 cэтгэгдэлтэй