Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа.
Ерөнхий сайд нар дөрвөн сарын өмнө Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрснийг онцлоод, өнгөрсөн хугацаанд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласны дүнд тодорхой ахиц гарсныг сайшаан тэмдэглэв.
Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Хятадын бүх талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа талууд харилцан илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудал амжилттай урагшилж байгааг тэмдэглэн, цаашид байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхтэй хөгжин бодит үр ашгаа ард түмэнд хүртээж байгааг тэмдэглэн, хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын үр дүнтэй яриа, хэлцэл цөөнгүй удаа болж, Хятад, Монголын хамтын ажиллагаанд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэн, Монголын талаас санал болгосон асуудлуудыг дэмжихээ илэрхийлж, хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам болон ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар хоёр тал тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээн авав.
0 cэтгэгдэлтэй