Казахстаны экс ерөнхийлөгч болон ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтын тухай хэвлэлүүдэд гарсан мэдээ үнэн болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр баталжээ.
Гэхдээ уг уулзалтыг “цэвэр хувийн зорилготой” гэж тэр тайлбарласан байна.
Назарбаев, Путин нар арванхоёрдугаар сарын 19-ний өдөр уулзахаар товлосон, Назарбаев өмнөх өдөр нь Москвад очсон тухай мэдээ Казахстаны хэвлэлүүдээр цацагдсан юм.
Одоо 83 настай Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн албан тушаалаа Касым-Жомарт Токаевт шилжүүлээд өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга гэх сэтэр зүүх болсон.
Энэ үед түүний тойрон хүрээлэгсэд Казахстаны ихэнх өндөр албан тушаалуудыг эзэлж байв.
Гэвч 2022 оны нэгдүгээр сард гарсан засгийн газрын эсрэг олон нийтийн үймээний дараа Токаев экс ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж эхэлсэн юм.
Энэ үймээний үеэр 238 хүн амиа алдсаны ихэнх нь тус улсын хамгийн том хот Алматыд бүртгэгдэж байв.
Назарбаевын “Миний амьдрал. Тусгаар тогтнолоос Эрх чөлөө хүртэл” нэртэй дурсамж ном энэ сарын эхээр Казахстанд худалдаанд гарсан юм. Уг дурсамждаа тэр Путинийг өөрийн дотны найз хэмээн өргөмжилж, Украинд дайн дэгдээсэнд Өрнөдийн орнуудыг буруутгасан байна.
Назарбаев хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард Путинтэй Москвад уулзаж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe
0 cэтгэгдэлтэй